Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Анхбаярын Мөнхжин оролцож байна.
Боловсрол
- 2020 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг бакалавар,
- 2022 онд МУИС-д сэтгэл судлалын магистр хамгаалсан,
- 2023 оноос МУИС сэтгэл судлалын докторант.
Ажлын туршлага
- Нийгэм, Сэтгэл Судлалын Дээд Сургуульд сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн,
- Сэтгэл санааны хохирол тооцох, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд зөвлөгөө өгөх ажлын хэсэгт судлаач,
- Олон Улсын Улаанбаатар Их Сургуульд сэтгэл судлалын багш,
- Монгол Улсын Их Сургуульд гэрээт багш.
Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
Ер нь бол хүүхэд насны л сонголт байсан. Би чинь өөрөө шүлэг уран зохиол оролддог хүн байсан. Ер нь бол уран зохиол шүлэг чинь дандаа хүний сэтгэл зүй, мэдрэмж ярьж байдаг. Хүн болгоны бодол санааг өөрчлөх, хүнийг гэгээлэг болгоё, зохиол бичье гэдэг хүүхэд насны мөрөөдөл байсан. Ингээд 2 мэргэжил дээр тогтсон. Нэг нь философич, хоёрт нь сэтгэл судлаач. Тэгээд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулиас холбогдоод сэтгэл судлалын ангид тэнцжээ орох уу гэсэн инэгээл л бодохгүй тэгье гээд орсон. Одоо бодоход сэтгэл судлал, хувь хүний үнэт зүйлс зэргийг судлаад байхаар яг миний өөрийн үнэт зүйлс хүмүүст нөлөөлөх юм байна. Хүмүүст нөлөөлөх нөлөөлөхдөө гэгээлэг, эерэг талаас нь нөлөөлж, хүнийг амьдралаа сайхнаар хардаг, гоёор мэдэрдэг, аливаа зүйлийг олон өнцгөөс хардаг, рациональ сэтгэлгээтэй байлгадаг, тийм байлгахын төлөө би төрсөн юм байна аа гэж боддог. Амьдралын “core role” гэж ярьдаг. Өөрийгөө яг тэгж тодорхойлоод л сэтгэл судлаач мэргэжлээ сонгосон доо. Одоо энэ мэргэжилдээ бол жинхэнэ хайртай.
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
2021, 2022 оноос эхлээд сэтгэл судлаачдын орон тоо нэмэгдэж байна. Сургуулийн сэтгэл судлаач нэмэгдэж байна. Зарим нэг албан байгууллага хүний нөөцийн мэргэжилтний орон тоон дээр сэтгэл судлаач авдаг болсон байна. Яг намайг төгсөх жил ажил олдоц хэцүү байсан. Төвүүдэд ажиллахаар цалин хүрдэггүй ч юм уу. Би чинь өөрөө оюутан байхдаа эрдэм шинжилгээний ажилд их оролцдог байсан. Яг л судалгаа хийдэг, судалгааны ажлаа тайлагнадаг, миний хувь хүний өнцгөөс бусдад нөлөөлөх гэдэг тэр бүх шаардлагуудыг хангасан ажил юу юм бэ? гэж анхны ажлаа хийж байхдаа бодоод багш бол яг хамгийн чухал судлаач юм байна аа. Ямар ч шинжлэх ухааны хамгийн том судалгааны институт их сургууль юм байна. Тэр дундаа их сургуулийн лектор бол хамгийн том судлаач байдаг юм байна. Хэрвээ би мэргэжлээрээ ажиллая гэх юм бол их сургуулийн багш л хийх юм байна гэдэг бодол төрөөд одоо тэгээд мэргэжлээрээ ажиллаж байна. Судалгаагаа ч хийж байна, сургалтаа ч зааж байна.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?
Мэдлэгээ байнга шинэчлэх хэрэгтэй. Яагаад гэхээр шинжлэх ухаан хурдтай хөгжиж байна. Тэр хэмжээгээрээ багш хүн өөрийн мэдлэг ур чадвар, заах арга зүйг сайжруулах шаардлагатай. Хоёрдугаарт, судлаач шинж чанар бол заавал байх ёстой. Их сургуулийн багшийн тодорхойлолтод их сургуулийн багш судалгаа хийнэ заачихсан байдаг. Миний хувьд бол судлаачаа яг хийж байгаа гэсэн үг. Энэ бол ажлын гүйцэтгэлийн нэг хэлбэр. Их сургуулийн багш судалгаа хийнэ, сургалтаа удирдана, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа хийнэ. Жишээ нь би нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа хийхийн тулд олон улсын байгууллагын төслийн багт ажиллаад явж байгаа. Энэ хүрээндээ бол их сургуулийн багш тал талын авьяас чадвартай байх, багш хүн өөрөө тасралтгүй хөгждөг тийм ажлын талбар юм. Манай сэтгэл судлалын салбар өөрөө тасралтгүй хөгжих ёстой, хувь хүний төлөвшил, мэргэжлийн ур чадвар талаасаа тасралтгүй хөгжих шаардлагатай мэргэжил болохоор энэ хамгийн том онцлог. Гуравдугаарт хүмүүстэй харилцдаг. Хүмүүст шинжлэх ухааны мэдлэгийг түгээдэг, дамжуулдаг. Шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг түгээнэ гэдэг олон талын арга зүй арга ухаан хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг лекц ороод мэдээлэл дамжуулах биш мэдлэгийг түгээж байгаа процесс. Хамгийн их онцлог шинж нь өөрийн чинь бэлдсэн шавь амжилт гаргах, практик салбарт амжилттай явах. Тэрийг харах нь энэ ажлын хамгийн том үнэ цэнэ оршиж байгаа юм болов уу гэж хардаг..
Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?
Одоогоор үе тэнгийн дарамт, шахалт, дээрэлхэлтийн талаар Ерөнхий Боловсролын Сургуулийн багш нарт зориулсан сургалтын модуль хөтөлбөр хийж байгаа. Өөрөөр хэлбэл багш нарт сургалтын модуль хөтөлбөрийг оруулаад дараа нь багш нар маань ЕБС-ийн багш нартаа үе тэнгийн дарамт, дээрэлхэлт гэж юу вэ? тэрнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар судалгаа хийж байгаа. Хоёрдугаарт бол өөрийн яг судалгааны чиглэл бие хүн, хувь хүний хөгжил, боловсрол сурган хүмүүжил чиглэл рүү байдаг. Миний хувьд хамгийн их судалдаг талбар бол оюутнуудын сэтгэл зүй. Хүүхдүүдийн сэтгэл зүйг судалж байна. Тэдний зан төлөв, үнэт зүйлс, хэрэгцээ тэд нар нь яаж сэтгэц, танин мэдэхүйд нь нөлөөлдөг тэр нөлөөллийг голчлон судалж байна.
Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааныг их сонирхож байна. Сонирхохгүй байхын аргагүй, болохгүй. Яагаад гэхээр оюутан залуус, ЕБС хүүхдүүд хиймэл оюун ухааныг сонирхож байна. Зарим нэг нь хиймэл оюун ухаанаар даалгавраа хийгээд явуулж байна.Би бол энийг нээх буруу зүйл гэж бодохгүй байгаа. Хиймэл оюун ухаан бол зөв ашиглаж чадвал мэдээллийн маш чухал найдвартай хайлтын систем. Бидний хэрэглэдэг deepseek, chatgpt гэх мэт. Би бол бараг өдөр болгон нэг зүйл асууж байна. Танин мэдэхүйн шинжтэй. Тэр хэмжээгээрээ мэдлэг нэмэгдэж байна. Би бас туршилтууд хийж үзсэн. Гэхдээ албан ёсны судалгааны биш хувь хүнийхээ хувьд. Хиймэл оюун ухааны зан чанарыг тодорхойлох, тухайн хиймэл оюун ухаан хүний эрхийн хэр их мэдлэгтэй байна гэх мэт судалгаануудыг хувийнхаа зүгээс сонирхоод хийж байна. Нэмээд ном унших сонирхолтой. Өмнө нь бол дандаа мэргэжлийн ном уншиж байсан. Одоо бол мэргэжилтэйгээ холбогдох философийн ном, нийгмийн халамж боловсролын чиглэлээр унших шаардлагатай болчихоод байгаа. Салбар дундын шинжлэх ухааны хөгжил хурдацтай хөгжиж байгаа. Ганцхан сэтгэл судлалын мэдлэг хангалтгүй болчхоод байгаа. Бусад хобби гэвэл тоглоно, иднэ, унтана хүмүүсийн хийх дуртай зүйлийг л хийж байна. Шинээр сурч байгаа гэвэл эд нар байна. Өөрөө сонирхолтой, бас ажлын шаардлага үүсэж байна.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?
Сургалтыг хэрхэн оновчтой зохион байгуулах гэдэг дээр би илүү ач холбогдол өгч байна. Их сургуулийг сэтгэл судлалаар сурч төгсөж байгаа шинэ төгсөгчдийн хувьд онолоо мэдээд, ерөнхий арга зүйгээ мэддэг, шинжлэх ухааныхаа ерөнхий ойлголтыг мэддэг, зарим нэг судалгаа шинжилгээ оношилгоо хийх арга зүйг мэддэг болоод төгсөж байгаа. Энэ бол сэтгэл судлаачийн хувьд “хард скийл”. Үүнээс гадна зөөлөн ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна аа. Жишээ нь: Би нэг хичээл заалаа гэж бодоход тухайн оюутнуудыг хэрхэн сэдэлжүүлэх вэ? хэрхэн мотивац өгөх вэ? хэрхэн мэргэжилдээ дуртай байх вэ? гэдгийн бодох хэрэгтэй. Тэгэхийн тулд багш хүн заримдаа жүжигчин байх хэрэгтэй. Заримдаа хүүхдүүдийг жоохон явуулна, заримдаа сэдэлжүүлэх үг хэлнэ, хатуу үедээ хатуу, гол нь тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмж чадваруудыг яаж зөв зохицуулж сурах вэ гэдэг нь маш чухал. Тэрийг бол би сүүлд эзэмшсэн. Хоёрдугаарт ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад ач холбогдол өгч байгаа. Ажлыг бол ажил дээрээ хийнэ, гэртээ бол ажлаа хийхээ больсон. Хэдэн жилийн өмнө бол хийдэг байсан одоо бол больсон. Анх эвгүй байдаг байсан сүүл рүүгээ сурчихсан. Гэртээ хийх гэхээр цаанаасаа ажил хийх сэдэл төрөхгүй, бүтээмжгүй болоод гэр бол зүгээр хувийн орон зай болсон. Тийм байдлаар өөрийнхөө ажил амьдралын тэнцвэрийг хадгалахад суралцаж байна. Мөн сэтгэл судлалын онолуудаа хэрэглээнд оруулаад, заах арга зүйд яаж нэвтрүүлэх үү гэдэг дээр анхаарч байна. Жишээ нь сургалтын ассоциаци аргыг хүүхдүүдэд яаж ойлгуулах вэ? яаж нэг мэдлэгийг хүүхдүүдэд хоногшуулах вэ? гэдэг сурган хүмүүжүүлэх, сургалтын онолуудыг сургалтан дээрээ ашигладаг. Инээдтэй кэйс их бий. Жишээ нь Адлерийг оюутнуудад яаж ойлгуулах вэ? гэж бодож байгаад дэлгүүр орсон “Radler” гээд пиво байна. Тэгээд “Адлер”, “Radler” хоёр адилхан сонсогдоод тэгэхээр нь энэ хоёр төстэй нэртэй юм байна. Сургалтын ассоциаци арга буюу холбоос үүсгэх юм чинь ер нь ингээд туршаад үзье гэж бодоод нэг талд нь Адлерийн зураг, нэг талд нь Radler- ийн зураг слайд дээрээ тавьчихсан. Нөгөө оюутнууд чинь юу болж байна, яаж байна гэж гайхсан. Тэгэхээр нь энэ бол ассоциацийн онол юм аа. Та нар нэг өдөөгчийн харахад өөр нэг зүйл санаанд орох бол энэ ассоциаци юм аа гээд. Дараа нь шалгалт авсан. Адлерийн асуулт нь дээрээ л хүүхдүүд маань зөв хариулсан байсан. Тэгээд дараа нь оюутнууд багшаа таны лекцээс хойш Radler-ийг харах болгонд Адлерийн дутуугийн мэдрэмж, комплекс тэр онолууд санаанд ордог болсон гэдэг. Тэгэхээр сэтгэл судлалын онол өөрөө сонирхолтой. Тэр онолыг хэрэглээ болгох нь бүр сонирхолтой. Ялангуяа би бихевризмын онолыг сургалтандаа яалтачгүй их ашигладаг. Яаж хүнд эерэг бэхжилт үүсгэх үү, сөрөг бэхжилт үүсгэх үү, яаж сэдэлжүүлэх үү гэдэг чухал. Ер нь бол хүнийг зан үйл рүү түлхдэг хамгийн чухал зүйл бол сэдэл. Сайн сэдлийг өгч чадсан үед тухайн оюутан, сурагч аяандаа хичээгээд суралцаад явах юм байна аа гэдэг зүйлийг ажигласан. Миний бас нэг онцлог нь оюутнуудаар жүжигчилсэн тоглолт их хийлгэдэг. Тэрний шинжлэх ухааны ач холбогдол сургалтын тонгоруу арга, дүрд орж тоглох, анализ хийх арга чинь цаанаа шинжлэх ухааны үндэслэл үзэл баримтлалтай. Жишээ нь дүрд орж тоглох бол ой тогтоолтын 5 хэлбэр 5 уулаа байж байгаа. Хөдөлгөөний ой тогтоолт, хэл ярианы ой тогтоолт, сонсголын ой тогтоолт, харааны ой тогтоолт, үйлийн ой тогтоолт ажиллаж байгаа юм. Тэгэхээр тийм жүжигчилсэн тоглолт хийхээр тухайн тоглосон үеийн, семинараа их санадаг. Гэхдээ тэрнийхээ балансыг тааруулахгүй бол заримдаа бас инээд наргиа болох талтай байдаг.
Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
Оюутнууд маань эрдэм шинжилгээний хуралд ороод байр эзэлж байсан. Тэр мэдрэмж их гоё. Байр эзлээд, хамгийн гоё нь багшаа та намайг дэмжээгүй байсан бол би өөртөө итгэхгүй байх байлаа. Надад итгэж намайг дэмжсэнд баярлалаа гэдэг тэр л их юманд хүрдэг. Хамгийн гол нь энэ чинь хүнд нөлөөлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Би чинь бас сэтгэл судлаач мэргэжилтэй болоод ч тэр үү оюутнуудтайгаа тулж уулзана, хүүхдүүдийнхээ зарим нэг жаргал зовлон янз бүрийн юмыг сонсоно, зарим оюутнууд нь багшаа танд л хэлэхгүй бол болохгүй нь ээ, танд хэлээд тайвширчихлаа гэх үед би бас тодорхой хэмжээнд өөрийн шавь нартайгаа, хамт ажиллаж байгаа хүмүүстээ ээнэгшил үүсгээд, эргээд эергээр, гэгээлгээр нөлөөлж байна уу даа гэдэг тэр бодол өөрөө миний үнэт зүйлстэй таардаг. Заримдаа би чинь оюутнууддаа зөвлөгөө өгөх тохиолдол байдаг. Гол нь хувь хүний үнэт зүйлтэй хэр нийлж байна вэ гэдэг чухал. Тэгээд багшаа танаас зөвлөгөө аваад сайхан болчихлоо гэхэд тэнд миний мэргэжлийн үнэ цэнэ, бусдад эерэг гэгээлгээр нөлөөлөх гэдэг үнэт зүйл байна гэж хардаг.
Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Эрх чөлөөтэй байх гэдэг зарчим. Би одоо зарим талаараа нийгмийн эсэргүү ч юм шиг. Хэдий хууль дүрэм журмаар тогтоогоогүй ч гэсэн бидний өөрсдөдөө бий болгосон хэл хязгаар байдаг. Заавал хүн ингэх ёстой, заавал чи тэгэх ёстой, заавал iphone барь ,тэгэж байж л чи гоё утас барьсанд тооцогддог гэх мэт. Энэ өөрөө биднийг бодол санааны хувьд, сэтгэл зүйн хувьд шоронд оруулдаг юм байна. Бусдаас хамааралтай, бидний эрх чөлөөг боомилдог юм байна аа. Тэгэхээр жинхэнэ эрх чөлөөтэй байна гэдэг хэн нэгнээс хамааралгүй, би юу хүсэж байна түүнийгээ хэрэгжүүлж чаддаг, аливаа нэг чухал шийдвэр гаргалтад хэн нэгнээс хамаарахгүйгээр өөрөө бие дааж шийдвэр гаргадаг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг сонсдог байх нь чухал юм байна аа. Энийг хэрэгжүүлэх нь чухал. Сэтгэл зүйн онолуудыг харахаар жоохон невротик шинжийн хүмүүсийн асуудал нийтлэгээрээ л дандаа нэг юмнаас хамааралтай болсон гэж үздэг. Материаллаг эд зүйлээр бол архи тамхины хамаарал донтолтын хэлбэрүүд байна. Сэтгэл зүйн хамаарал бол ээж ааваасаа, нийгмээсээ хамааралтай хэт их нийгмийн тогтсон хандлагыг дагадаг гэх мэт. Яг хувь хүн өөрөө үнэ цэнтэй, утга учиртай байхын тулд хамгийн эхний алхам эрх чөлөөтэй байх. Одоо бол бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж бодож байна. Нийгмийн хүрээний эрх чөлөө гэж ярих юм бол нийгмийн онол яригдана. Сэтгэл зүйн хувьд эрх чөлөөтэй байна уу гүү юу? тэр л одоо чухал.
Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.
Сэтгэл судлаач мэргэжил чинь өөрөө гурван түвшинд үйл ажиллагаа явуулдаг нэгдүгээрт судалгаа оношилгоо, хоёрдугаарт мэргэжлийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө засал, гуравдугаарт олон нийт рүү чиглэсэн мэргэшүүлэх болох арга зүйн чадамж олгох. Тэгэхээр бид нарын хувьд хүн хүнтэй ажилладаг ажил мэргэжлийн онцлогтой холбоотой зөвлөгөө өгөх, сургалт орох үеийн бэрхшээл үүсдэг. Хамгийн тод санаж байгаа зүйл оюутан байхдаа нийт 400 цагдаагийн алба хаагчдад сургалт орж байсан. Тэр сургалтын үед “Хайр” гэдэг сэдвээр орсон. Агуулгын хувьд цагдаагийн алба хаагч нарт ажлын байран дээр нь “Хайр” гэдэг сэдэв орж байсан гэсэн үг. Сэдэв болон сургалтын орчин хоёр хоорондоо таарахгүй байсан. Тэгэхээр аливаа нэг мэргэжлийн үйл ажиллагааг хийхдээ орчноо мэдрэх, тэр даруй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, аливаа үйл ажиллагааг хийхдээ сэдэлжүүлэх, тэр чадварууд их чухал юм байна гэдгийг ойлгосон. Мэргэжлийн хүрээнд миний хамгийн их сурсан чадвар тэр. Адаглаад сургалтыг хайр гэдэг чинь ийм, гэр бүлийн хайрын онол гэхээсээ илүү кейст суурилсан, хүний анхаарлыг татахуйц, маш сайн сэдэлжүүлэлт бүхий өдөөгч үг ашиглах гэх мэт тийм ур чадварт их суралцсан. Өөрөө яриад байх биш бусдыг татаж оролцуулах чухал. Энийг яаж сурсан бэ? гэвэл би алдаж сурсан. Би ер нь бүтээлч хүн алдах эрхтэй гэж боддог. Хүн алдаа нь дээрээ суралцана, алдаа нь дээрээ сайжирна. Хамгийн гол нь сайжиръя, урагшилъя гэдэг хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. Энэ хүсэл эрмэлзэлтэй байхын бол алдааг бол засаж болдог юм аа. Манай мэргэжлээр суралцаж байгаа хүмүүст алдахаасаа битгий айгаарай гэж хэлмээр байна .Бүтээлч хүн алдах эрхтэй байдаг шүү.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?
Рациональ сэтгэлгээтэй болсон байх. Өнөөдөр гэхэд л засгийн газар огцорлоо. Нийгэмд бол янз бүрийн сонирхолтой, сонин, анхаарал татахуйц үйл явдал болдог. Массын сэтгэлгээ яадаг вэ гэхээр зөвхөн нэг талын өнцгийг барих гээд байдаг. Жишээ нь: “Үе тэнгийн нэг хүүхэд нэгнийгээ дээрэлхэж, бие махбодын хүчирхийлэл үйлдэжээ” гэж мэдээ гарлаа гэж бодъё. Олон нийтийн сэтгэлгээ яах вэ гэхээр хохирогчийг өмөөрөөд хэрэгт холбогчийг бөөнөөрөө буруутгадаг. Энэ аргагүйдээ харагдаж байгаа нь яалтачгүй хүүхдэд гар хүрсэн нь хэрэгт холбогдсон нөхөр л байгаа. Ил харагдахад тийм байдаг. Би бас мэргэжлээрээ зөвлөгөө өгөх үед тэр хэрэг хийгээд байгаа, болохгүй байгаа хүүхдүүдийн цаана гэр бүлийн асуудал байдаг юм байна, хүүхдийн сэтгэл зүйн асуудал байдаг юм байна, тэр хүүхдүүд чинь хайр халамж, өөрийгөө илэрхийлэх, хамгаалуулах хэрэгцээ хангагдаагүй юм байна. Тэрийгээ хангаж чадаагүйн улмаас тэрийгээ орлож нөхөхийн тулд өөрөө тийм түрэмгий зан авир гаргадаг юм байна зэргийг ойлгосон. Тэгэхээр нэг талын үзэл баримтлал биш, олон талын, дундын үзэл баримтлалыг дагна гэдэг чинь чухал юм байна. Жишээ нь би бол хүмүүстэй ажиллаж байхдаа, таньдаг хүнийхээ кейсийг сонсож байхад зарим сэтгэл судлаач нар сэтгэл санааны хохирлыг тооцохдоо хэрэгтний талд ажиллах тохиолдол байдаг. Гэтэл тэр хүмүүс юу гэж хэлж байна вэ гэхээр тэр хүмүүс өөрөө олон жил сэтгэл санааны дарамтад байсан байна. Стресс нь бөөгнөрсөөр байгаад нэг тэсрэхдээ ийм болчимгүй үйлдэл хийчихсэн байдаг юм байна шүү гэдэг кейс сургамжуудыг их хөндлөнгөөс сонсож байсан. Өөрөө ч ийм кейс дээр ажиллаж байсны хувьд дундыг барих, асуудлыг олон өнцгөөс харах чухал гэдгийг сурсан. Аль өнцгөөс харна асуудал яг тэгэж харагдана. Энэ чинь сэтгэл судлалын онолоор бол гештальт сэтгэл судлалын фигур ба фоний онол. Алийг нь фон гэж харна фигур нь тэгэж харагдана, алийг нь фигур гэж харна фон нь тэгэж харагдана. Яг л энэ зарчим. Тэгэхээр дундын үзэл баримтлалыг барих нь их чухал юм байна аа гэдгийг ойлгосон.
Ойрын 5 жилийн зорилго юу вэ?
Доктороо ажлаа хамгаалж төгсөх. Одоо бол докторын сургалтыг дуусгачихсан. Докторын хамгаалалт үлдсэн. Хэд хэдэн ном бичих ажил руу бол орсон байгаа. Гэхдээ тэр ажил бол дөнгөж шавыг нь тавиад явж байгаа. Тэгээд тэр ажил руугаа шамдана. Илүү их судалгааны ажил руугаа л төвлөрөх бодолтой байна.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Амралтын өдрөө бол өөртөө л цаг зав зарцуулна даа. Найзуудтайгаа уулзана, эсвэл сонирхолтой кино ч юм уу үзнэ, тоглоом тоглоно. Би чинь бас тоглох дуртай. Багш нь ийм ийм тоглоом тоглодог гэхээр багшаа та тоглодог юм уу ямар сонин юм бэ? гэдэг. Би чинь бас залуу үеийн төлөөлөл тоглох зүйл байлгүй яах вэ. Ерөнхийдөө тиймэрхүү даруухан өнгөрүүлдэг. Хоол хийх их сонирхолтой. Миний хувьд хоол хийх процесс хамгийн их мэдлэг авдаг талбар. Яагаад гэхээр нэгдүгээрт янз бүрийн хоол туршдаг. Хоёрдугаарт хоол хийхдээ өөрийгөө сатааруулах зүйл хэрэгтэй тиймээс подкаст сонсдог. Дандаа түүхийн подкаст сонсдог. Бас нэг сонирхол хобби маань түүх юм байна. Жишээ кейс ярихдаа би чинь дандаа түүхээс иш татаж ярих дуртай. Наанадаж гэхэд гештальтийн онолыг тайлбарлахдаа XIII зууны үеийн Монголчуудын байлдан дагуулалтын тухай ярьдаг. Монголчууд сэтгэл зүйгээр дайснаа айлгахын тулд нэг цэрэг таван түүдэг гал асаадаг байсан. Холоос харахад Монголын цэрэг таван дахин олон харагддаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон ч юм уу нацист Германы арми туг нь улаан өнгөтэй байдаг. Яагаад улаан өнгийг сонгож байгаа вэ? гэхээр улаан өнгө бол түрэмгийллийн өнгө, хүчирхэг байдлын бэлгэдэл. Би ер нь ингээд л хичээлээ ороод эхэлдэг. Бүх зүйл сэтгэл зүйтэй холбогддог гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Амралтын өдөр бол хоол хийнгээ подкаст сонссож өнгөрөөдөг. Сонссон түүхийн мэдлэг дараа нь хичээл дээр хар аяндаа ороод ирдэг, иш татдаг тийм зүйл тохиолддог.
Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Хөгжиж байгаа. Тодорхой хэмжээний төлөвших замдаа явж байна. Би бол айхтар хөгжихгүй байгаа гэж бол хэлэхгүй, айхтар тасарчихсан хөгжчихсөн байгаа гэж хэлэхгүй. Эволюцийнхаа түвшинд, зохих түвшнийхээ арга хэмжээг хийх гээд төлөвших гээд л явж байна. Бүр айхтар Америкийн сэтгэл судлалын холбоо шиг болъё гэвэл тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. Хамгийн гол нь дор бүрнээ хүмүүс хичээгээд явах ёстой. Манай сэтгэл судлалын мэргэжлийг жоохон буруу талаар нь харуулж байгаа, эсвэл өнгөцхөн дүгнэдэг ийм хэсэг хүмүүс бас байна. Манай мэргэжлийнхний хувьд тэр бол стресс болсон. Зүгээр нэг амар аргаар мөнгө олъё гэдэг, сэтгэл судлал гэдэг мэргэжил бол зүгээр нэг хүнтэй уулздаг гэж боддог. Ийм өнцгөөс хардаг хүмүүс байна. Би гэхдээ энийг бол цагийн эрхэнд байгаа л зүйл гэж бодож байна. Яваандаа эд нар алга болно оо, яваандаа шалгарна, яваандаа сайн сэтгэл зүйчид нь торойж үлдээд, цаг зуурын хөөсөрсөн тэр зүйл нь алга болно оо гэж боддог. Тийм болохоор тэр нь дээр ач холбогдол өгдөггүй. Гол нь сэтгэл судлалыг нарийн хөгжүүлэхийн тулд манай салбарт нэн чухал зүйл юу вэ? гэвэл нэгдүгээрт өөрсдөө мэргэжлийнхээ үнэ цэнийг маш сайн ойлгох, үнэт зүйлсээ маш сайн ойлгох ёстой. Хүний төлөө амьдрах мэргэжил шүү, хүний төлөө ажиллах ёстой. Энэ бол бизнес биш шүү. Бизнесийн зарчим бол хоёрт яригдах асуудал. Хамгийн эхний шат бол тухайн сэтгэл судлаач хүн өөртөө тэр мэргэжлийнхээ үнэт зүйлийг хэр их төлөвшүүлсэн бэ гэдэг агуулга хамгийн эхэнд. Хоёрдугаарт эв нэгдэлтэй хамтран ажиллах гэдэг агуулга. Хамтран ажиллах гэдэг нь манай сэтгэл судлалынхан маань ганцхан тогоон дотроо байх биш олон олон салбарын хүмүүстэй ажиллах, салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх ажилд хувь нэмэр оруулах ёстой. Жишээ нь AI асуудал байна. Хиймэл оюун ухааны асуудал дээр манай сэтгэл судлаачид ажиллаж болно. Хиймэл оюун ухааныг хэрхэн боловсронгуй болгох вэ? гэдэг ч юм уу. Одоо бол Шинжлэх Ухааны Академийн хажууд Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн байна. Хүний сэтгэл зүй, үйлдэлд хүний тархи, нейросанзтай хэрхэн холбогддог вэ? гээд бас салбар дундын шинжлэх ухаан. Сүүлийн үед их хувийн онлайн сайт, бизнесүүд өргөжсөн. Тэгвэл зар суртчилгаа, маркетинг, борлуулалтыг хүний сэтгэл зүй талаас нь хэрхэн хүргэх юм бэ? гээд хүний танин мэдэхүй ороод ирж байгаа. Ингээд эхлэхээр сэтгэл судлалын шинжлэх ухаан чинь өөрөө бүх салбар луу хөрвөх боломжтой. Би оюутнууддаа хэлдэг юм сэтгэл судлал бол бүх шинжлэх ухаантай холбогддог наанадаж цаг агаартай хүртэл холбогдож байгаа юм гэхээр цаг агаартай яаж холбогддог юм гэдэг. Би бороо орохоор хүмүүс яагаад банштай цай идэх дуртай байдаг юм тэрний сэтгэл зүйг та нар судалж болно шүү дээ гэхээр аан нээрээ тийм байна шүү дээ гэдэг. Тийм учраас би илүү их тэлэх ёстой гэж бодож байна. Сэтгэл судлал бол манай салбар, би ганцхан энэ салбарын хүн гэдэг өмчлөх сэтгэлгээнээсээ салах ёстой юм байна гэсэн бодолтой байна.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
Хамгийн эхний ойлголт бол хүмүүст урт хугацааны сэтгэл зүйн зөвлөгөө авах төлөвшил суугаагүйтэй холбоотой. Сэтгэл зүйн үйл ажиллагааны хамгийн том зорилго бол хувь хүнийг сэтгэл зүйн хувьд илүү бие даасан шинж рүү аваачих л байгаа. Бие дааж өөрөө асуудлаа шийдвэрлэхэд нь сэтгэл зүйчийн зүгээс туслан, дэмжих үүрэгтэй болохоос хэн нэгний асуудлыг шийдвэрлэх үүрэггүй ээ. Асуудлаа шийдвэрлэх гол субъект нь үйлчлүүлэгч өөрөө. Тэгээд тэнд нь сэтгэл зүйчийн үүднээс мэргэжлийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө заслын үйлчилгээ үзүүлдэг. Хувь хүн өөрөө өөрчлөгдөхийн тулд урт хугацаа шаардагдана, нэн ялангуяа олон жил бөглөрсөн, сэтгэлийн шарх, гэмтлийг нэг удаагийн зөвлөгөөгөөр арилгах боломжгүй. Эхний уулзалт бол үйлчлүүлэгчээс мэдээлэл цуглуулах, оношилгоо хийх үе шат явагдана. Үйлчлүүлэгч л ярина. Тэгээд дараа дараагийн уулзалтуудаас системтэй зөвлөгөөнүүд явна. Тэгж системтэй, олон удаагийн уулзалт зөвлөгөөнд явж байж хүний олон жилийн сэтгэл зүйн асуудал шийдэгдэнэ ээ. Монголд байдаг нийтлэг ойлголт нь нэг удаа зөвлөгөөнд явдаг, тэгээд хүнд ярихдаа өө сэтгэл зүйч гэдэг чинь асуулт асуухаас өөр юм хийдэггүй юм байна лээ. Баахан олон юм асуугаад байдаг юм байна лээ гэдэг ийм зүйлийг ярьдаг. Гэхдээ би бас хүмүүст хэлэх гээд байгаа юм та 20, 30 жил сэтгэлийн шархтай явжээ. Тэр сэтгэлийн шархыг чинь 60 минутад арилгах боломжтой юу? энэ асуултыг хүмүүс ойлгох ёстой. Энэ бол 60 минутад эдгэрчих асуудал биш. Дор хаяж 6 сар нэг жилийн хугацаа шаардагдана. Хамгийн хөнгөндөө л дор хаяж 4-8 удаагийн зөвлөгөөнд явах шаардлага үүсэж байгаа. Тэрэнд төлөвших хэрэгтэй байна аа. Хоёрдугаарт сэтгэл зүйчид рүүгээ хандсан зүйлийг хэлэх гэж байна. Үйлчлүүлэгч жоохон уйлах, эсвэл жоохон сэтгэл зүйн хувьд тогтворгүй болоод эхлэхээр ялангуяа манай шинэ төгсөгч нар миний зөвлөгөө амжилтгүй болчихлоо, би энэ хүнийг болохгүй болгочихлоо, энэ хүнийг би уйлуулчихлаа, сэтгэлийг нь таагүй болгочихлоо гэдэг ч юм уу тэрнээсээ болоод жоохон хашраад байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг чинь өөрөө сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд идэвхтэй илэрч байх ёстой. Тэр хүн уурлаж болно, инээж болно, гутарч болно, Тэгээд жишээ нь бага насны хэцүү шархыг нээчихлээ гэж бодъё. Тэр хүн зөвлөгөөний явцад заримдаа 2, 3 хоногийн турш таагүй явах гэх мэт процесс өрнөдөг. Энэ өөрөө зөвлөгөөний үйл явц явагдаж буй нэг хэлбэр. Тэр хүн доторхоо гаргаад, тэрэнтэйгээ тэмцэлдээд, өөрийнхөө асуудлыг таньж мэдээд ингээд явдаг. Сэтгэл зүйчдийн зүгээс бол үйлчлүүлэгч нь зөвлөгөөний явцад сөрөг илрэл гаргаж байвал энэ бол зөвлөгөөний үйл явц хэвийн явагдаж байна аа. Түүнийг хэрхэн зөв зохистой залж явах уу гэдгээ бодох хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн зүгээс бол таны олон жилийн бугласан асуудалд нэг удаагийн 3-4 удаагийн уулзалтаар шийдэгдэхгүй ээ. Эцсийн шийдэх хүн нь та өөрөө, энэнд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Миний зүгээс бол шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай байх хэрэгтэй. Энэ мэргэжлийг их өнгөцхөн бодож сонгох хүүхдүүд байдаг. Амархан мэргэжил төдийхнөөр харж байна, хоёрдугаарт эрэлт хэрэгцээтэй болохоор амархан мөнгө олох гэж ч юм уу. Ийм байдлаар буруу сонгодог. Энэ бас мэргэжил сонголтын алдаатай итгэл үнэмшил явж байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн чухал нь энэ мэргэжил чиний өөрийн үнэт зүйлтэй хэр тохирч байна вэ? чиний яг хийхийг хүсэж буй зүйлтэй яаж уялдаж, огтлолцож байна вэ? гэдэг асуултад нэгдүгээрт хариулах ёстой. Би өмнө нь хэлсэнчлэн бусдад туслахыг хүсдэг энэ маань сэтгэл судлаач мэргэжилтэй уялдсан гэж. Мэргэжил болгоны үнэ цэнэ, үнэт зүйл гэж юм байна. Сэтгэл судлаач мэргэжлийн хамгийн том үнэт зүйл бол хүнд эергээр нөлөөлөх гэж хувьдаа хараад байгаа юм. Хүмүүсийн өдөр тутмын ажил амьдралд эерэг нөлөөллийг бий болгох түүнд нь тусалж дэмжих, яг ийм үнэт зүйлс чиний өөрийн сонирхолтой нийцэж байна уу гэдэг нь энэ мэргэжлийн онцлог. Нийцэж байгаа бол энэ мэргэжлийг сонгож болно. Хоёрдугаарт математикаас зугтаж их сонгодог. Одоо бол математикаас зугтаж сонгох аргагүй болсон. Энэ жилийн ЭЕШ-аас эхлээд сэтгэл судлалын хөтөлбөрт заавал математикийн хичээл ордог болсон. Бүр журмаараа. Гуравдугаарт сэтгэл судлалыг шинжлэх ухаан болгож байгаа зүйл маань энэ математик өөрөө байна. Математик, статистик арга зүйгээр хүний сэтгэл зүйг анализ хийж байна, тоон боловсруулалт хийж байна, чанарын боловсруулалт хийж болж байна. Аливаа нэг шинжлэх ухаан судалгааны суурь арга зүйтэй байдаг. Сэтгэл судлалын судалгааны нэг арга нь статистик шүү. Тэгэхээр математикийн суурь хэрэгтэй байна аа гэсэн үг. Дараа нь болохоор түүх болон нийгмийн хичээлд их ач холбогдож өгч байгаа. Яагаад гэхээр сэтгэл судлал бол хүний үнэт зүйл, үзэл санаа, бодол, хандлагатай яригддаг. Тодорхой хэмжээний бид нар өөрсдийн гэсэн үзэл санаа, бодол, хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Нөгөө талаараа монголын түүхэнд сэтгэл судлалын талаар их олон олон элементүүд харагддаг. Би сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал дээр энийг байнга ярьдаг. Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх зүйд 0-3 насанд хүүхдийг бурхан мэт хайрла, 3-5 насанд нь буянтан мэт асар, 6-12 насанд нь албад мэт зүтгүүл, 12-с насанд хүрэх хүртэл нь анд мэт нөхөрлө. Энэ чинь явж явж Эрик эриксоны хүний хөгжлийн онол яригдаад байгаа юм биш үү. Бага насны хүүхдээ бол хайр халамжаар дутаахгүй өсгө. 6-12 нас бол сургуулийн бага нас хүүхдийг ажил хийж сурга, 13 наснаас өсвөр нас тодорхой хэмжээний дааврын өөрчлөлт гарна, эсрэг хүйстэндээ татагдана, энэ үед нь ээж аав найз шиг нь бай, анд нөхөр шиг нь бай тэгвэл хүүхэдтэйгээ ойлголцоно оо. Энийг манайхан барууны хүмүүс гаргасан гэдэг ч яг үнэнийг хэлэхэд монголд байсан байна аа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө уламжлалт сэтгэлгээ, ондооших тэр зүйлийг анхаарах ёстой. Нөгөө талаасаа бид хэнд зөвлөгөө өгөх юм. Монгол хүнд зөвлөгөө өгнө. Бид нар Герман хүнд, Америк хүнд зөвлөгөө өгөхгүй. Бид нар Монголд сураад Монголд ажиллаж амьдарч байгаа бол бид нар Монгол хүмүүст л үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр үндэснийхээ зан төлөв, угсаатны сэтгэл зүйн онцлогийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж монгол хүний үнэт зүйлс гэж юу юм, монгол хүний соёлын ялгаатай байдлаас шалтгаалаад сэтгэл зүйн асуудал нь хүртэл ялгаатай хэлбэрээр илэрдэг. Би бие хүний сэтгэл судлал хичээл дээр их ордог монгол хүний сэтгэл зүйн асуудал, гадаад хүний сэтгэл зүйн асуудал их ялгаатай байдаг, тэгвэл бид нар монгол хүндээ зөвлөгөө өгөхийн тулд монгол хүнээ ойлгосон байх шаардлагатай, Монгол хүн юунд баярладаг юм, ямар зүйлийг эрхэмлэдэг юм, монгол хүний зан чанар гэж юу юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхийн тулд бид нар түүхийн мэдлэг хэрэгтэй. Дараа нь бол мэдээж философийн мэдлэг хэрэгтэй. Философи бол бүх шинжлэх ухааны суурь болсон мэдлэгийн талбар байдаг. Ер нь бол сэтгэл судлалтай нягт холбогддог зүйл бол философи. Анхдагч элемент гэж юу вэ? гээд л тэгээд хүний оюун санааны анхдагч элемент юу вэ? гэхээр сүнс болоод сүнс нь явсаар байгаад өнөөгийн цаг үед оюун ухаан, ухамсар болоод төлөвшчихсөн байгаа. Тэгэхээр аливаа мэдлэгийг системтэйгээр мэдэх нь чухал байна шүү. Хүмүүс Адлерийн онолыг их мэддэг болчхож. Адлерийн дутуугийн комплекс, давуу байдлыг комплекс гэж их ярьдаг болчхож, Эсвэл Фройдын өө энэ чинь супер эго, ид гэдэг. Тэд нарын онол яах вэ олонд нээлттэй байж болно. Уг язгуураар нь ойлгоё гэх юм бол шинжлэх ухааны хамгийн доод цэгээс нь эхлэх ёстой шүү. Бид нар түүхээ судалж эхэлнэ, монгол хүнийхээ онцлогийг таньж мэднэ, философийн мэдлэгтэй болно. Тэр чухал шүү гэж захъя даа.
Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Миний зүгээс гэр бүлийн хүрээнд гэвэл чанартай цагийг өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Энэ ярилцлагыг магадгүй аав хүн, ээж хүн, хүүхэд ч уншиж байж магадгүй. Өөрийнхөө хамгийн үнэ цэнтэй эрхэм хүмүүстэйгээ чанартай цагийг өнгөрүүлээрэй. Бид нар ажил амьдрал, хичээл сурлага гээд амьдралаас мэдрэх ёстой зүйлсээ мэдэрч чаддаггүй. Ерөөсөө ажлын машин болчихсон юм шиг, хичээл хийх ёстой юм шиг. XXI зууны сүүлийн үеийн гаднын орнууд яриад байхад сэтгэл зүйн хувьд эрүүл хүн хэн бэ? гэдэг тодорхойлолтод ажил амьдралын тэнцвэрээ хадгалж чаддаг хүнийг хэлдэг юм байна. Амрах цагтаа хүн амрах ёстой, зугаалах цагтаа зугаалах ёстой юм байна. Хичээх цагтаа хүн хичээх ёстой, тэр их чухал юм байна. Өөрөө юу мэдэхийг хүсэж байна түүнийхээ тэнцвэрийг барих чухал. Жишээ нь би нэг сайхан тоглоом тогломоор байна. Тоглож болно тоглох бол чухал хэрэгцээ. Насанд хүрсэн хүмүүс ч тоглодог. Хүүхдэд бол тоглох чинь голлох хэрэгцээ гэж явдаг. Тодорхой хэмжээний тоглоом тоглож цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлж дараагийн хөдөлмөрлөх үйлийнхээ эрч хүчийг авдаг. Тэгэхгүй бид нар өөрсдөдөө цаг гаргахгүй, өөртөө анхаарахгүй, өөртөө болон эргэн тойронд байгаа өрөөл бусдыгаа үл хайхарсаас үүдэн дараа нь тэр нь асуудал болж дэвэрдэг. Тэгэхээр өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Өөрийгөө хайрлахын хамгийн энгийн хэлбэр нь өөртөө цаг гаргахыг хэлдэг. Энэ их энгийн сонсогдож байгаа ч хүмүүс өөртөө цаг гаргаж чаддаггүй. Гэхдээ зарим нь болохоор өөртөө цаг гаргаж байна гээд ихдүүлээд байдаг. Хүн ажил хийх чухал, гэхдээ хажуугаар нь амрах, амьдралаас гоё сайхныг мэдэрнэ гэдэг бас чухал. Хэтэрхий их зугаа цэнгэл хөөгөөд өөрийгөө идэвхжүүлэх, нийгмийнхээ хэрэгцээг хангаж чадахгүй бол хүн хэвийн байж чадахгүй, хэтэрхий их нийгмийн хэрэгцээ рүү ажил, карьер гэж явсаар байгаад өөртөө цаг гаргахгүй бол бас л асуудал үүснэ. Тэгэхээр энэ тэнцвэрийг хадгалах их чухал. Уйлмаар санагдаж байвал уйлж болно, сайхан сэтгэлээ сэргээх үйл ажиллагаа хийж болно. Бид нар тэгэхгүй дотроо л юм аа хадгалаад яваад байдаг. Тэгсээр байгаад тэр нь нэг өдөр том асуудал болдог. Өөртөө болон бусдад цаг зав гарга, бас хайрлаарай л гэж хэлье даа.
Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
Б.Пагмадулам гэдэг сэтгэл судлаачийг санал болгож байна. Ялангуяа хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж байгаа. Миний ажлын хамтрагч, найз маань байгаа юм. Тэр хүн маань эрсдэлт бүлгийн, хүчирхийллийн кейс дээр олон жил туршлагатай ажилласан тийм хүн байгаа. Тэр хүн хүүхдийн хөгжил талаас бас өөр өнцгөөс ярих байх гэж бодож байна.
Баярлалаа. Танд ажилд нь амжилт хүсье.
Ярилцсан сэтгэл судлаач Б.Буянжаргал