Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, сэтгэл судлаач Жаргалсайханы Оюунсүрэн оролцож байна.
Боловсрол
- Сэтгэл судлалын бакалавр, Өмнөд Холбооны Их Сургууль (ЮФУ), ОХУ
- Сэтгэл судлалын магистр, Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн шинжээч, Москвагийн Боловсролын Улсын их Сургууль (МПГУ), ОХУ
Ажлын туршлага
- 2017 оноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сэтгэл судлалын багшаар ажиллаж эхэлсэн.
- 2019 оноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “Нейро сэтгэл судлалын лаборатори”-д судлаач.
- 2022 оноос Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
Намайг сэтгэл судлалд татсан гол зүйл бол хүн бүрийн дахин давтагдашгүй онцлог, дотоод ертөнц байлаа. Би багаасаа л хүмүүсийн зан төлөв, сэтгэл хөдлөлийн ялгааг ажиглах, ойлгох сонирхолтой байсан. Мөн эргэн тойрондоо сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүсийг хараад, тэдэнд ямар нэг байдлаар туслахыг хүссэн. Тиймээс өөрийн сонирхол, бусдад туслах хүсэл хоёрыг нэгтгэж энэ мэргэжлийг сонгосон.
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
Бакалаврын оюутан байхаас аливаа эрдэм шинжилгээний ажлыг шимтэн уншдаг оюутан байлаа, сурсан их сургууль маань ч долоо хоногт багадаа таван эрдэм шинжилгээний өгүүлэл уншдаг хөтөлбөртэй байсан нь судалгаа шинжилгээний ажилд дуртай болоход их нөлөөлсөн. Мөн магистрантурт сэтгэц оношилгоо, сэтгэц хэмжил зүйн чиглэлээр сурсан нь шинжлэх ухаанч сэтгэлгээтэй мэргэжилтэн байх хэрэгтэй гэдгийг сайн ойлгуулж өгсөн. Монголдоо эргэж ирээд академик чиглэлд ажиллах боломж гарч, багшлах, судалгаа хийх сонирхол маань нэг дор хэрэгжих боломж бүрдсэн юм.
Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?
Оюутнуудад хичээл заахын тулд мэргэжлийн чиглэлээрээ шинжлэх ухааны нарийн мэдлэгтэй байж, хичээлээ шинэ мэдээллээр тогтмол баяжуулах шаардлагатай байдаг. Энэ нь намайг тасралтгүй суралцаж, хөгжихөд хүргэдэг. Мөн зөвхөн мэдлэг дамжуулахаас гадна чадварлаг сэтгэл судлаачдыг бэлтгэхэд хичээж ажиллаж байна. Үүнийг би зөвхөн ажлын үүрэг төдийгүй, нийгэмд оруулж буй өөрийн хувь нэмэр гэж үздэг.
Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?
Өөрийн судалгааны чиглэлд сэтгэл зүйн асуумж, оношилгооны хэрэглэгдэхүүний сэтгэц хэмжил зүйн асуудлыг судлахыг зорьдог. Монгол болон олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран зарим сэтгэл зүйн асуумжид валидаци хийж Монгол хувилбарыг гаргасан. Сүүлийн үед сэтгэл зүйн тулгамдсан асуудлын асуумжууд дээр төвлөрч, соёлын онцлогт тохирсон үнэлгээний хэрэгсэл боловсруулах ажлыг хийж байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Судалгааны ажил хийх нь хамгийн сонирхолтой хобби минь. Тэгэхдээ мэдээж ажил амьдралын тэнцвэрийг хадгалахад анхаарч ууланд алхах, аялах, байгальд цаг өнгөрөөх дуртай.
Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?
Сүүлд сагс, волейбол тоглож сурсан.
Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
Жил болгон оюутны эрдэм шинжилгээний хурлууд, төгсөлтийн баярын үеэр хамгийн их бахархал төрдөг. Аль ч салбарт ажиллаж байгаа төгсөгч нараа харж их бахархана. Багш хүн болгон тийм байдаг байх. Хичээж ажиллаж буй үр дүн нь төгсөгч нарын маань төлөвшил, амжилтаас харагдаж байна гэж боддог.
Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Хариуцлагатай байхын зэрэгцээ хүнлэг байж мэргэжилдээ, ажилдаа эзэн байхыг хичээдэг.
Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.
Ажлын гараагаа эхлэхэд мэдэхгүй зүйл их байдаг, шинээр төгсөгч бүр ийм бэрхшээлтэй нүүр тулдаг. Хамт олноосоо суралцаж, бусадтай хамтран ажиллаж чадвал давж туулах боломжгүй бэрхшээл байхгүй гэж боддог.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?
Сэтгэл судлалаар суралцаж эхлэхээс л өөрийгөө таньж мэдэх, ойлгох тал дээр хүн хөгждөг. Мэргэжлээрээ ажиллах хугацаанд туршлага дагаад мөн бусдыг ойлгох, эмпати чадвар нэмэгддэг гэж боддог.
Ойрын 5 жилийн зорилго юу вэ?
МУБИС-ийн Сэтгэл судлалын докторын хөтөлбөрт суралцаж байгаа. Судалгааны ажлаа хийж хамгаалах гэсэн том зорилготой байна.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Амралтын өдрүүдээ хөгжилтэй өнгөрөөхийг хичээдэг. Нууцлаг агуулгатай, Агата Кристигийн зохиолд суурилсан төрлийн кино үзэх дуртай. Мөн найзуудтайгаа board game тоглож, инээлдэж суудаг нь амралтын минь хамгийн хөгжилтэй хэсэг байдаг.
Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх төв, сэтгэл зүйн контентууд их нэмэгдэж, сэтгэл зүйч мэргэжлийн ач холбогдлыг олон нийт ч сайн ойлгодог болсон байна. Мөн сэтгэл судлалын шинжлэх ухааны ном, сурах бичиг, эх зохиолуудыг Монгол хэл дээр унших боломжтой болж байна. Энэ талаас харвал сүүлийн 10 жилд бол ахиц дэвшил их гарсан. Үүн дээр нэмээд бид цаашид судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлж сэтгэл судлалын салбараа шинжлэх ухааны талаас хөгжүүлэх, нийгэмд ач холбогдолтой судалгаа, төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж хардаг.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
Мэргэжлийн талаарх гэхээс илүү сэтгэл зүйн тусламж авах стигмаг бууруулмаар санагддаг. Энэ сөрөг хандлага нь олон хүнийг мэргэжлийн тусламж авах боломжийг хязгаарлах гол саад болдог. Сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэл зүйн тусламж авах нь нуух, хаах, санаа зовох, ичих зүйл огт биш. Харин өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл юм.
Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?
Энэ багшлах практик дээр их анзаарагдах гээд байдаг зүйл. Сэтгэл судлаач бол хүнтэй юм яриад л, сонсоод л суух гэж боддог. Гэтэл толгой дохих, сонсох, асуух, хариулах гэх мэт биеийн хэлэмж болон үгний цаана нарийн бодож тооцоолж хийх үйлдэл байдаг. Үүнд суралцахад сэтгэл судлалын онолуудаас гадна, тархи мэдрэлийн тогтолцооны тухай мэдлэг, судалгаа шинжилгээ, логик сэтгэлгээний чадвар их чухал байдаг.
Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудад хэлэх хамгийн чухал зөвлөгөө бол мэргэжлийг эзэмшинэ гэдэг бол үнэндээ бүтэн цагийн ажил гэсэн үг юм. Зөвхөн багшийн лекц, хичээл дээр сууж, сонирхол, зав, боломждоо тааруулж хичээллэх нь хангалтгүй. Жинхэнэ мэргэжилтэн болохын тулд өөрөө бие даан ном унших, нэмэлт материал судлах, мэргэжлийн эрдэм шинжилгээний өгүүлэл унших зэрэг идэвхтэй хандлага зайлшгүй хэрэгтэй. Сэтгэл судлал бол зөвхөн мэдлэгээр зогсохгүй, өөрийгөө болон бусдыг ойлгох, амьдралын утга учрыг илүү гүнзгий харах боломж олгодог чухал мэргэжил учраас хичээл зүтгэлтэй суралцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Эерэг сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгийг бусадтай хуваалцмаар санагддаг.
Талархах, уучлах, хайр энэрлийн ач холбогдол, чанартай харилцаа, ажил хөдөлмөр хүний амьдралын чанар, сэтгэл ханамж, хүний тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Жинхэнэ аз жаргал болон хедонизмийн ялгааг ойлгож хүн болгон утга учиртай, үнэ цэнтэй амьдралын төлөө хичээгээсэй гэж хүсдэг.
Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
ХИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор Э.Дэжид сэтгэл судлаачийг урьж байна.