Сэтгэл судлаач Даваагийн Цэлмэг

Сэтгэл судлаач Даваагийн Цэлмэг

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Даваагийн Цэлмэг оролцож байна.

Боловсрол

  • 2001 он МУИС-сэтгэл судлалын бакалавр,
  • 2012 он БНСУ Корей Их Сургууль сэтгэл судлалын магистр зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 2013 оноос ШУТИС-ийн сэтгэл судлалын багш,
  • 2023 оноос “PPC” сэтгэл зүйн төвд сэтгэл зүйн зөвлөгчөөр ажиллаж байна.

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

1997 онд дунд сургуулиа төгсөөд АНУ-ын Utah Valley State University-д элсэн орох болсон юм. Тэр хүртэл би сэтгүүлч болно гэж боддог байлаа. Үнэндээ “сэтгэл судлаач” гэдэг мэргэжлийн тухай надад ямар ч ойлголт байгаагүй. Гэтэл UVSU-д элсэх эрхээ авчихаад элсэлтийн хуудас бөглөж байхад “ямар мэргэжлээр элсэх вэ?” гэдэг асуултын доорх олон сонголт дунд “Psychology” гэх сонголт байсан юм. Тэр үед залуучуудын дунд ашиглагдаж байсан ганц англи хэлний толь бичиг болох Алтангэрэлийн толь бичгээсээ энэ үгийг орчуулж үзтэл “Сэтгэл судлал” гэсэн байлаа. Энэ үг шууд л маш их сонирхол татаж, сэтгэл хөдөлгөсөн болохоор дугуйлаад явуулчихсан юм. Өөрөөр хэлбэл, би мэргэжлээ маш гэнэтийн, тохиолдлын байдлаар сонгосон. Гэхдээ сүүлд нь яагаад энэ үг миний сэтгэлийг тэгж их хөдөлгөснийг ойлгосон. Миний хувьд “хүн” бол судалж болох хамгийн сонирхолтой судлагдахуун.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Одоо ажиллаж буй гол чиглэл маань сэтгэл зүйн зөвлөгөө, тэр дундаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө юм. Би өөрөө дунд насандаа яваа эмэгтэй хүний хувьд эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудлыг илүү сонирхож, уншиж судалсан. Нөгөө талаас, үнэнийг хэлэхэд, бидний амьдарч буй энэ цаг үед эмэгтэйчүүд маань жаахан илүү ачаа үүрэх шаардлагатай тулгарч байх шиг санагддагийг нуух юун. Илүү олон амьдралын дүрд тоглодог ч гэж хэлж болохуйц. Тиймээс тэдэнд туслахыг хүсдэг.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Би оюутнуудад багшилдаг, бас эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Энэ хоёр ажил их ялгаатай. Багш хүний ажлын онцлог нь байнга хөгжих, судлах, тодорхой хэмжээнд шүүмжлэлтэй хандах хэрэгцээнд оршдог. Харин сэтгэл зүйн зөвлөгчийн ажлын онцлог ойлгох, шүүмжлэлгүйгээр хүлээн авах чадвараар тодорхойлогдоно. Давуу талууд нь ч бас эдгээр онцлогуудтай холбоотой. Сэтгэл зүйчдэд нийтлэг ажиглагддаг давуу тал бол толеранс буюу хүлээцтэй хандлага байх. Жишээ нь, сэтгэл зүйч бол хүний амь хөнөөсөн алуурчны тухай сонссон ч түүнийг үзэн ядах сэтгэл хамгийн түрүүнд орж ирэхгүй шүү дээ. Тэрний оронд “Яагаад ийм үйлдэл хийхэд хүрсэн бол?” хэмээн ухаж бодох нь их.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Яг одоо уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолыг барууны темпераментын онолуудтай харьцуулан судалсан эрдэм шинжилгээний жижиг өгүүлэл бичиж байна. Цаашид бас энэ талын нарийвчилсан судалгаа хийх бодол байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Би кинонд их дуртай. Ялангуяа сэтгэл зүйн сэдэвтэй кино үзэх хоббитой. Сүүлийн жилүүдэд шинээр бий болсон хобби гэвэл, дорнын эрүүл хооллох, зөв амьсгалах, иогийн дасгал хийх аргууд, мөн тэдгээрийн хүний сэтгэл зүйд нөлөөлөх талуудыг судалж, өөрийн амьдралдаа хэрэгжүүлж үздэг хобби байна

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Олон зүйл хэлж болохоор байна. Гэхдээ арай чухалуудаас нь дурьдвал, нэгдүгээрт сүүлийн үед зүгээр суухад их сайн суралцаж байна. Байнга хийх ёстой ажлуудаа бодож, төлөвлөөд байхаар хүн зүгээр сууж чадахгүй, өөрийгөө буруутгаад, бүх цаг үед ямар нэг зүйл хийж байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй болдог бололтой. Тиймээс зүгээр суухад, чанартай амрахад сайн суралцаж байгаа. Хоёрдугаарт яг одоо их сургуулийн лекцүүдийг англи хэл дээр хүргэх арга зүйн хичээлд сууж байгаа. Тэр хичээлээс англи хэл дээр хичээлийн агуулга бэлдэх чадварт суралцаж байна. Гуравдугаарт 8 настай ихэрүүдээсээ баримлын шавраар маш гоё хүүхэлдэй хийх арга сураад олон хүүхэлдэйн баатрууд хийсэн.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөө авсан үйлчлүүлэгчээс баярлаж талархсан үг сонсоход сэтгэл хангалуун сайхан болдог. Өдөр тутмын амьдралд ч гэсэн зарим үед хэн нэгэнд яг л хэрэгтэй байсан тэр үгийг нь хэлж чадсанаа мэдээд, мэргэжлээрээ бахархдаг даа.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

За бараг ганцхан л зарчим бий дээ. Энэ зарчмыг бүх үед баримтлахыг хичээдэг. Юу ч хийсэн, юу ч хэлсэн, юу ч бодсон бай, ихдүүлэхгүй, бас багадуулахгүй байхыг боддог. Хоол идвэл их идэхгүй, бага идэхгүй. Ажил хийвэл хэт их хийхгүй, хэт бага хийхгүй гэх мэт. “Алтан дундаж” гэдэг үгийг би их учиртай үг гэж боддог. Жишээ нь, орчин үед амжилтын оройд хүрэх, топ байх хүсэлтэй хүмүүс олон болсон ажиглагддаг. Миний хувьд топ байх нь өөрөө олон бэрхшээл, сорилттой цуг ирдэг зүйл. Тиймээс тэр сонголтыг болгоомжтой хийх хэрэгтэй. 

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Мэргэжлээрээ ажиллаж эхлэх үед олон хүний өмнө гарч ярих, үг хэлэх, лекц уншихад их сандардаг, түүнээсээ болоод ярих зүйлээ мартаж хэцүү байдалд ордог байсан. Дахин дахин энэ айдастайгаа нүүр тулж, дараагийн удаа арай дээр ярьж чадах байх гэсэн итгэлээ алдалгүй тээсээр сайжирсан даа. Одоо бол харьцангуй айдас багассан.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?

Олон зүйл байгаа ч тэр дундаас хамгийн чухал нь аливаа зүйлийг байгаа тэр чигээр нь хүлээн авч, тайван, тогтвортой байж сурсан явдал байх. Сэтгэл зүйчийн хувьд сайн хүн, муу хүн, сайн цаг, муу цаг гэж байдаггүй гэж итгэдэг. Харин өөрийгөө болон бусад хүмүүсийг, олон янзын нөхцөл байдлыг өөр өөрөөр хүлээж авдаг хүний сэтгэц л байдаг.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Карьерын том зорилго байхгүй. Зөвлөгөө өгөх, багшлах туршлагаа арвижуулна. Том хүүгийнхээ насыг бодвол би 5 жилийн дараа “эмээ” гэдэг шинэ дүрд тоглодог болсон байж магадгүй. Тэр их таатай, гоё дүр байх гэдэг хүлээлт байна.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож, хоол хийж, гэрээ цэвэрлэж, кино үзэж өнгөрүүлдэг.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Сэтгэл судлалын салбарт маш их хөгжих ирээдүй байна. Ялангуяа Монгол Улсын хувьд, ойрын жилүүдэд Монгол хүний сэтгэл зүйн онцлог, давуу болон сул талуудыг судалж илрүүлэх, судалгааны үр дүнд суурилан шийдвэр гаргах суурь аль хэдийн тавигдсан гэж бодож байна. Хиймэл оюун ухаанаар одоохондоо орлуулах боломжгүй цөөхөн мэргэжлүүдийн нэг бол сэтгэл судлаач шүү дээ.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Монголчууд сэтгэл зүйн зөвлөгөөтэй танилцаад удаагүй байна. Түүнээс болоод тэр үү, сэтгэл зүйн зөвлөгөө авбал яриад, зөвлөөд, шууд асуудлыг шийдэх боломжтой болно гэсэн ойлголт байсаар байх шиг байна. Үнэндээ сэтгэл зүйн асуудлууд тийм энгийн байдаггүй. Тиймээс сэтгэл зүйн зөвлөгөөнөөс үр дүн гаргах гэж сэтгэл зүйч ч тэр, үйлчлүүлэгч ч тэр, хэт их яардаг байдлыг засмаар байна.  

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?

Хэрэв намайг шулуухан хэлэхийг зөвшөөрвөл, би нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Энэ мэргэжлийг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд туслах мэргэжил гэж, өөрөөр хэлбэл мөнгө их олдог ажил мэргэжил гэж зарим нэг хүүхдүүд ойлгоод байх шиг харагддаг. Хэрэв тийм ойлголтод үндэслэн энэ мэргэжлийг сонирхож буй бол дахин бодож үзээрэй. Юун түрүүнд “хүн”-ийг сонирхох, ойлгох, судлах, “хүн”-д туслах том хүсэл байх хэрэгтэй шүү.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Сэтгэл судлалаар сурч буй оюутнууд маань юуны түрүүнд өөрийгөө сайн хөгжүүлж, бэлдэхэд анхаараарай. Хүнд зөвлөгөө өгөх хүн өөрөө тодорхой хэмжээнд асуудлуудаа шийдсэн байх хэрэгтэй. Хүн асуудалгүй болно гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ хамгийн багадаа өөрийгөө маш сайн мэддэг, өөрийн асуудлыг ойлгосон, хүлээн зөвшөөрсөн, тэр бүхэнтэй эвлэрсэн байх шаардлага тавигдана. Мөн сэтгэл судлаач мэргэжлийн хувьд өсөж хөгжихийн үндэс нь мэдлэгээс гадна энэрэнгүй нинжин сэтгэл, өндөр ёс зүй хоёр байх учиртай.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Бидний амьдарч буй энэ цаг үед сэтгэлийн амар амгалан хамгийн үнэтэй зүйл болжээ. Үүний нэг шалтгаан нь ихэнх хүн том амжилт, нэр хүнд, их мөнгө олохоор зорьж, хэтэрхий их ажилладаг болсонтой холбоотой байж магад. Тиймээс бусдын хийж буйг дуурайн хийж, бусадтай адилхан амьдрах гэхээс илүү өөрийн онцлог мөн чанар, өөрийн хүсэл сонирхол, өөрийн аз жаргалыг олж мэдэхэд илүү их цаг зарцуулж, хүсэл зорилгоо тодорхойлоорой гэж уриалъя.

Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

За хамгийн түрүүнд МУБИС-ийн багш Ш.Батболд дээрх сонирхолтой асуултуудад хэрхэн хариулахыг сонсохсон гэж хүсч байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *