Сэтгэл судлаач Лхамсүрэнгийн Зүчи

Сэтгэл судлаач Лхамсүрэнгийн Зүчи

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ удаагийн зочноор СИИ сургалтын төвийн судлаач Лхамсүрэнгийн Зүчи уригдан оролцож байна.

Боловсрол

  • МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр бакалавр,
  • Тайваний Азийн Их Сургуульд магистр хамгаалсан.

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Бага байхаасаа олон сэтгэл зүйн асуудал, гэр бүлийн асуудалтай байсан. Тэр үед өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай юм байна гэж бодож байгаагүй ч гэсэн яваандаа өсвөр насанд хүрээд 11, 12 ангид орохын алдад миний сэтгэл зүйн асуудал, харилцааны асуудал, хүндрэлүүд бүгдээрээ сэтгэл зүйн уг гарвалтай юм байна гэдгийг мэдсэнээс хойш ер нь өөрөө сэтгэл зүйч болох надтай ижилхэн асуудлуудыг туулж буй хүүхэд, багачуудад хурдан ангижирахад туслах, бүр цаашлаад хэзээ ч ийм асуудалд орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор сонгож байсан.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Сэтгэл Судлалын Шинжлэх Ухаан тэр дундаа судалгааны салбарт ажиллахад эхэндээ хүмүүст туслая гэдэг бодол маань илүү олон хүнд туслая гэдэг бодлоос үүдсэн. Ингэхдээ тэр  хүмүүст мэдлэг, мэдээлэл их чухал юм байна. Түүнийг нь  гаргаж өгдөг, нээж өгдөг, олж өгдөг хүмүүс нь судлаач нар юм байна гэж хараад сэтгэл зүйч нарт хэрэгтэй, мэдлэг мэдээлэл, ур чадвар, хэрэглэгдэхүүнүүдийг бүтээж өгдөг энэхүү судалгааны салбар луу орохоор болсон.

Судалгааны салбар дотроо эерэг сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлалын ур чадваруудын тал дээр яагаад ажиллаж эхэлсэн бэ? гэвэл яг одоо Монголын нийгэмд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл нь эерэг сэтгэл судлалын ухагдахуунууд болох амьдралын сэтгэл ханамжаа хэрхэн өндөр байлгах вэ? хэрхэн аз жаргалтай байх вэ? ер нь аз жаргал гэж юу вэ? цаашлаад хүүхдүүдийн хувьд өсвөр настнуудын хувьд нийгмээс гаралтай сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн тулгамдсан байдлаас урьдчилан сэргийлэх арга техникүүдийг сургууль ч тэр эрүүл мэндийн талаасаа ч тэр огт олгодоггүй байсан.

Эдгээр арга техникүүдийг хүүхдүүдэд өгөх ёстой, суралцуулах ёстой. Бага наснаас нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэддэг. Миний жишээгээр бол бага наснаасаа би сэтгэл зүйн асуудалтай гэж мэддэггүй байсан. Ямар мэдрэмж төрж байгаагаа ч мэддэггүй байсан гэж хэлсэнтэй адил тийм байх ёсгүй юм байна гэж бодоод түүндээ итгээд энэ чиглэлээр ажиллаж байна.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Миний ажлын онцлог бол талбар дээр ажиллаж байгаа багш нар, сэтгэл зүйч нарт шаардлагатай мэдээлэл мэдлэгийг гаргаж өгдөгөөрөө онцлог. Давуу тал гэвэл маш их эрх чөлөөтэй байдаг. Ганцхан судалгааны сэдэв, ганцхан судалгааны ажил дээрээ суугаад ажиллаад явахгүй. Олон талд, олон өөр сэдвээр нэгэн зэрэг ажиллах боломжтой.  Гэхдээ нөгөө талаасаа маш их суух шаардлага гардаг. Унших шаардлага гардаг. Тэр нь бас нэг онцлог нь юм шиг байна. Мөн дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэдэг маань ер нь бол хамгийн бахархууштай том онцлог нь болов уу гэж бодож байна.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Яг одоо бичиж байгаа ном байхгүй байна. Гэхдээ өнгөрсөн жилийн 8 сард гаргасан “Сэтгэл судлалын статистик арга зүй” номын 2 дугаар хувилбарыг эхлүүлэх, бичиж эхлэх санаа бол байгаа. Судалгааны ажлын хувьд бол хамгийн их анхаарал хандуулж байгаа 3 ажил байгаагаас эхний 2 нь “Хүүхдүүдийн нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар, амьдралын сэтгэл ханамж хоёр”-ын мөн “Сургуулийн уур амьсгалыг үнэлэх асуумж”-ийн нутагшуулалтын ажлыг хийгээд өгүүлэл болгон хэвлүүлэх шатандаа явж байна. 3 дугаарт бол Энэтхэгийн Юнескогийн категори 1 түвшний байгууллага Махатма Гандигийн боловсролын судлаач нартай хамтарсан “Эмпати чадварыг хэмжих, интерактив тоглоом нь дээр суурилсан арга”-ыг Монголд боловсруулах, батлах валидаци хийх ажлыг хийгээд явж байгаа. Энэ 3 ажил маань хамгийн чухал ажлууд байна. 

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Хамгийн түрүүнд орж ирж байгаа юм гэвэл кофе уух, кофе судлах, кофе чанах. Хоёрдугаарт холын зайн гүйлтээр хичээллэх. Гуравдугаарт сүүлийн үед хобби болж байгаа зүйл бол кино болсон.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Сурсан гэхээсээ илүү сурах гэж хичээж байгаа чадвар бол өдрийн турш mindfullness-ийг хадгалах гэдэг чадварт суралцахыг хичээж байна. Хоёрдугаарт ажлын дундуур ажлаа “Pomodoro” аргаар хийхийг хичээж байна. “Pomodoro” арга гэдэг нь тодорхой хугацааны турш ажиллаад, тодорхой хугацааны турш амраад ажлыг хийх арга байгаа. Хуучин бол нэг суултаар хийх ёстой ажлыг дуустал нь хийх нэг бол бүр ядраад хийх чадалгүй болтлоо суух аргаар явдаг байсан. Энэ нь маш их энерги, тэгээд эргээд тухайн ажлыг хийх эрч хүч, сэдэл орж ирэхэд төвөг учруулдаг байсан. “Pomodoro” хэрэгжүүлснээс хойш ажлаа дээрээс нь mindfullness-ийн дасгалуудаа хийж байгаагийн үр дүнд бол анхаарлаа шаардлагатай үед нь мотивац болон дур хүслийг үл хамааран төвлөрүүлэх чадварт суралцаж байна.  Гуравдугаарт гэвэл олон хүнтэй networking хийх танилцах өөрийн хийсэн ажлыг ичихгүйгээр, дутуу муу гэж бодолгүйгээр бусдад ярьж, түүнээсээ улбаалан бусадтай шинэ төсөл, судалгааны ажил хамтралуудийг үүсгэх боломжийг хайдаг чадварт суралцаж байна.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Хамгийн их бахардаг үе байхгүй. Ер нь байнгын бахархдаг. Анх нэгдүгээр курсээсээ хойш бахархсаар ирсэн юм байна. Хүнд тусалж байгаа, хүний сайн сайхны төлөө байна гэдэг маань тэр тусмаа судалгааны салбар бол  дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэдэг утгаараа их бахархаж явдаг

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Амьдралдаа бол үнэн гэж юу вэ? Бодит байдал юу вэ? Би хэрхэн өөрөө өөртөө болон дэлхий ертөнцтэй харьцахдаа үнэн байх вэ? гэдэг зүйлийг баримталж, үнэт зүйлээ болгож амьдардаг гэж хэлж болох байх. Зарчимын хувьд бол тэдгээрийгээ зөрчихгүй байх маань л зарчим юм болов уу? Тэгээд хүмүүст, юмсад шударга хандах, болохгүй байгаа зүйлсийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байх. Үүнийг бол Нобелийн шагналт  Мариа Ресса “Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч буйгийн нэг илрэл юм” гэж хэлсэн байдаг. Тэгэхэээр эдгээр маань миний зарчим юм байна аа.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Мэргэжлээрээ ажиллаж байх үед бол судалгааны өгүүлэл маань сонирхсон сэтгүүлд маань хэвлэгдэхгүй, няцаагдах хариу авах л юм байна. Тэгээд таарах сэтгүүлээ олох. Миний өгүүллийг, бидний, судлаач нарын хамтарсан өгүүллэгийг сонирхох сэтгүүлийг олох хүртэл маш их хугацаа шаарддаг. Нэг сэтгүүл рүү өгүүллээ явуулаад сар, сар хагасын дараа сэтгүүлийн дөнгөж эдитороос нь хариу ирж байх жишээтэй. Сэтгүүл маань сонирхоод цаашаагаа review-үүд рүү явууллаа гэхэд тэдгээр хүмүүсээс эргээд хариу ирэх гэж сар, сар хагасын хугацаа болно. Засвар шаардлагатай гэвэл түүнийг нь хэвлээд явуулна гээд нэг сэтгүүл рүү хэвлэх үйл явц өөрөө 3-4 сарын ажил. Тэрнээс өмнө тэр сэтгүүлээ олох гэж 4 – 5 сэтгүүлээр явбал жил дамнасан, жилээс жил хагасын цаг шаарддаг ийм ажил байдаг. Түүндээ няцахгүй, урам хугарахгүй байх л хамгийн том даваа. Байнга л тулгарч байдаг том даваа болж таарч байна.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?

Бүгдэд нь эерэг өөрчлөлт гарсан гэж би боддог. Харах өнцөгийн хувьд бол аливаа зүйлийг яаж эерэг талаас нь болох талаас нь сайн сайхан талаас нь харахад суралцсан бол. Бодлын хувьд хэрхэн цэгцтэй нухацтай, шинжлэх ухаанчаар аливаа зүйлийг харах вэ? бодох вэ?, гэдэгт суралцсан. Хэв маягийн хувьд бол яаж мэргэжилтний зүгээс аливаа зүйлийг харж, толилуулах вэ гэдэг зүйлүүдэд суралцсан байх гэж итгэж байна. /инээв/

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Ойрын таван жилд бол аль болох олон нийгэмд хэрэгтэй судалгааны өгүүллүүдийг хэвлэж гаргах, нийтлүүлэх. Олон улсын байгууллагууд судлаач нартай илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах. Тэгээд докторынхоо зэргийг хамгаалах төлөвлөгөөтэй байна.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Амралтын өдрүүдийн 70-80% нь найз охинтойгоо гэртээ хоол хийгээд тоглоод кино үзээд, заримдаа салхилаад, гадуур кино үзээд, хоол идэж өнгөрдөг. Үлдсэн хувьд нь дийлэнхдээ ажил хийж таардаг. Бараг амралтын өдөр байхгүй. Ховорхон тохиолддог. 70-80 хувьд нь л амарвал амарч чаддаг.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Сэтгэл судлалын салбарын хөгжилд бол бид нарт хийх зүйл байсаар л байна. Хүн хаана байна, нийгмийн  хөгжил хаашаа явах уу? Хэр хурдацтай явах уу? гэдгээс улбаалаад түүнийг судлах хэрэгцээ бол үргэлж байсаар байна. Хэзээ ч зогсошгүй шинэ, шинэ зүйлс харагдаж байгаа. Жишээ нь AI улбаатайгаар бид маш их хэмжээний судалгааны санаанууд, хэрэгцээнүүд гарч ирж байна. Саяхан 2022, 2023 оны үеэр бол фандемикийн үр нөлөөг хэмжих судалгаа их хэмжээгээр хийгдэж байлаа. Тэгэхээр энэ мэтчилэн ажлууд бол салшгүй байсаар байх байх.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Би сэтгэл судлаачдын талаар хэвшмэл ойлголтуудтай их таарч байгаагүй. Оюутан байхад бол найзууд сэтгэл судлалаар сурч байгаа гэхэд “Би юу бодож байна” гэж асуудаг байсан. Гэхдээ тэр бол хэвшмэл ойлголт биш зүгээр найзуудын нэгнийгээ ёожилж тоглож байсан зүйл байсан гэж бодож байна. Одоо бол яг ийм хэвшмэл ойлголттой тааралдаагүй юм байна.

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?

Мэргэжлийг сонирхож байгаа хүмүүсийн хувьд хэлэхэд сэтгэл судлалаар сурсан, сэтгэл судлаач, сэтгэл зүйч гэдэг хүмүүс бүгдээрээ сайн хүмүүс, бүгдээрээ ур чадвартай мэдлэгтэй хүмүүс биш учраас түүнд маш их эргэлзэж, нухацтай, шүүмжтэй хандаж байгаарай гэж уриалж байна. Сошиал дээр байгаа олон дагагчтай, олон  хүмүүс зүрх лайк дарсан хүмүүс бол бүгдээрээ мундаг биш, үнэн зүйл ярьж байгаа хүмүүс биш гэдгийг байнгын бодож байгаарай.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Судалгааны арга зүйг маш сайн эзэмшдэг, судалгаа хийдэг, судалгааг уншдаг, түүнийг ойлгодог болж чаддаг. Тэгээд бас өөрсдөө сурж байгаа зүйлдэ шүүмжлэлтэй ханддаг байгаарай.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Хүмүүст буюу public гэж ойлгоол уриалмаар байгаа зүйл гэвэл хэн нэгний зөвлөмжийг туйлын үнэн мэтээр битгий хүлээж аваарай. Бүх зүйл ялангуяа сэтгэл судлалын шинжлэх ухаан дотор бүх зүйл маргаантай байдаг. Нэг зүйл бүх хүмүүст таардаггүй, бүх хүнд ажилладаггүй. Тэгэхээр та хэн нэгний зөвлөгөөг өөртөө тусгаж аваад хэрэгжүүлээд түүнээсээ үр ашиг хүртээд явж байж магадгүй. Гэтэл түүнийгээ бусдад бас шүүлтүүргүйгээр дамжуулж түгээнэ гэдэг маань бусад хүн тантай ижилхэн үр дүн авахгүй байх нөхцөлтэй. Түүн дээр анхаарал болгоомжтой байгаарай гэж уриалмаар байна

Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Ментор, багш, хамтран ажиллагч, МУИС-ийн сэтгэл судлалын багш Б. Болдсүрэн. Маш их зүйлийг хийж бүтээдэг, хийдэг гэвч олон нийтэд ярьдаггүй тийм амбицгүй юм шиг санагддаг. Тэр хүн рүү зорьж хандаад юу хийж байгааг нь өдий хүртэл юу хийснийг асуувал маш их зүйлсийг хүмүүс, залуус, сэтгэл судлал сонирхогч нарт хэрэгтэй зүйлийг хэлэх байх аа гэж бодож байна. Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *