Сэтгэл судлаач Чинбатын Анударь

Сэтгэл судлаач Чинбатын Анударь

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, сэтгэл судлаач Чинбатын Анударь оролцож байна.

Боловсрол

  • 2014 он – Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгэл судлалын баклавр
  • 2016 он – Отгонтэнгэр Их Сургуулийн боловсрол судлалын магистр
  • 2017 – Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн баклавр

Ажлын туршлага

  • 2019 оноос эхлэн Отгонтэнгэр Их Сургуулийн сэтгэл судлалын багш
  • 2020-2023 Отгонтэнгэр Их Сургуулийн сэтгэл зүйн төвийн эрхлэгч
  • 2023 оноос эхлэн Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Улаанбаатар хотод хааяа нэг ирээд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн урдуур нь явах бүрдээ би энэ сургуульд л элсэнэ гэж боддог байлаа.

Би бага ангид байх үеэсээ л багш болохыг мөрөөддөг байсан. Энэ хүслээрээ Монгол Улсын Боловсролын Их Сургуульд элссэн. Мэргэжлээ сонгохоосоо өмнө сургуулиа сонгосон юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд хамгийн боломжит хөтөлбөр нь сэтгэл судлалын хөтөлбөр байж таараад элсэн суралцаж байсан.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Анхнаасаа л Монгол Улсын Боловсролын Их Сургуульд элсэн суралцах шалтгаан маань багш болох байсан болохоор энэ хүслээрээ одоо ажиллаж байгаа салбартаа ажиллаж эхэлсэн. Их сургуулийн оюутан болоод хамгийн анх худалдан авсан ном маань М.Дэлгэржав багшийн “сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал” байсан. Хичээлээ тараад найзтайгаа хамт номын дэлгүүрээс худалдан авч байсныг мартдаггүй юм. Тэгэхээр анхнаасаа л багш болох хүслээр энэ салбарт орж ирсэн.

Оюутан байх хугацаандаа танилцах, заах, мэргэших 3-н дадлагаа боловсролын байгууллагад хийж байсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах сайн дурын ажлыг хийдэг байсан маань энэ салбар руу орж ирэхэд өөрийн хүсэл дээр маань их нөлөөлсөн гэж боддог.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Миний ажлын онцлог нь олон төрлийн хүнтэй харилцаж, тэднээс суралцах боломжтой байдаг. Энэ нь надад өөрөө хөгжих, шинэ зүйлсийг нээж авах өргөн боломжийг олгодог нь хамгийн том давуу тал. Өөрөөр хэлбэл, харилцан суралцах үйл явц нь миний ажлын хамгийн үнэ цэнтэй, хамгийн том давуу тал гэж боддог, бас их сонирхолтой.

Мөн манай ажлын онцлог нь нэг жилийн ажлын үр дүнг хичээлийн жилийн хүрээнд хэмждэг. Энэ нь маш богино хугацаанд олон төрлийн ажлыг амжуулж, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх шаардлагыг биднээс шаарддаг онцлогтой.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Энэ хичээлийн жилд оюутнууддаа зориулж өөрийн зааж байгаа тухайн хичээлийн агуулгыг онол, практикийн хосолсон хэлбэрээр хүргэх зорилгоор шинэ сурах бичиг боловсруулах ажлыг эрчимтэй хийж байна.

Үүнээс гадна, сэтгэл судлалын сурах бичгийн санг баяжуулах зорилгоор мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран шинэ бүтээл дээр ажиллаж байгаа. Бидний хамтын ажиллагаа нь зөвхөн оюутнууд төдийгүй, сэтгэл судлалын салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Ямар ч улиралд боломж олдох л юм бол уул руу гарах дуртай. Аль болох дасгал хийж хөдөлгөөнтэй байхыг хүсдэг.

Сүүлийн жилүүдэд гэвэл хүүтэйгээ хамт одон орныг сонирхдог болсон. Хэдэн жилийн өмнө учиргүй хүнд дурантай болсон. Зөвхөн харахаас илүү гар утасны аппликейшнтэй нь хослуулаад тэнгэр ажиглах нь их сонирхолтой байдаг. Хүүтэйгээ ч хамт цагийг өнгөрүүлчихнэ.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Бүх зүйл заавал төгс байх албагүй, нөхцөл байдлыг яг одоогийн бодитоор нь үнэлэхийг хичээж уян хатан хандахыг сурсан. Мөн бусдын үзэл бодлыг анхааралтай сонсож, ойлголцлыг бий болгох, зөрчил маргааныг шийдвэрлэхэд суралцсан.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Ер нь бахархахгүй байх үе ховор. Анх их сургуулийн оюутан болоод “мэргэжлийн удиртгал” хичээлийн лекцийг сонсоод л тэр үедээ учиргүй их бахархаж байсан.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Яг одоо л энд л гэдэг зарчмыг баримтлахыг хичээдэг. Магадгүй таалагдаж байвал наадад таалагдлаа, уучлаарай энэ надад тохирохгүй байна эсвэл надад таалагдахгүй байна, чи энэ өдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна гэх мэтээр одоогийн мэдрэмжээ яг тухайн үед нь илэрхийлэхийг хичээдэг. Энэ нь бусдыг гомдооно, бусдад муухай үг хэлээд байна гэсэн үг биш шүү.

Хайртай бол хайртай, бухимдаад байгаа бол уучлаарай таны энэ үйлдлээс болоод би бухимдаад байна. Би буруу утгагүй зүйлээс болж бухимдаж байна уу? гэх мэт. Ингээд харилцаад эхлэхээр ер нь хүн хоорондын харилцаа арай хялбар, дараа нь харамсах зүйл бага болоод ч байгаа юм шиг санагддаг.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Оюутнуудтай ажиллаад, мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд надад хамгийн их сургамж өгсөн бэрхшээл бол оюутны асуудлыг зөвхөн тухайн хувь хүнтэй нь холбож ойлгодог байсан явдал юм. Багшаар ажиллаж байсан эхний жилүүдэд тухайн оюутан хичээлээ таслах, ирэхгүй байх, хичээлдээ идэвхгүй оролцох зэрэг бэрхшээлийг хараад “насанд хүрсэн хүн юм чинь өөрөө л хариуцлагаа үүрэх ёстой” гэж боддог байсан. Хичээл эхлээд нэг минут хоцорсон л бол шууд тасаар ирц бүртгэдэг багш байлаа.

Харин багшийн ажил ганцхан тухайн нэг оюутантай ажиллахгүй болохыг анзаарсан. Тэр ганц оюутны цаана түүний гэр бүл байгаа юм байна. Тэр нэг оюутан анги хамт олны нэг хэсэг нь болно. Ганцхан хичээлээ заагаад мөрөөрөө явчих гэхээр бас болдоггүй юм байна. Тэр оюутан хичээлдээ ирэхгүй байх, таслахаас эхлээд л хүндрэл бэрхшээл гарна. Хамгийн гол нь тэр нэг оюутныхаа ирээдүйг нь боддог болсон. Яг юу нь болохгүй байна, ямар шалтгаан байна гэх зэргээр өргөн хүрээг хамарч ажиллаж эхэлсэн. Ингэснээр хичээл тасалдаг байсан зарим оюутнуудын хандлага өөрчлөгдөнө, суралцах идэвх нэмэгдэнэ. Харин өөрийн хувьд “багшийн ажил гэдэг зөвхөн хичээл заах биш, харин оюутныг чадварлаг мэргэжилтэн болон төлөвшихөд чиглэсэн урт хугацааны дэмжлэг” болохыг анзаарсан. Энэ маань чадварлаг мэргэжилтэн болоосой ингэхийн тулд би юу хийж болох вэ? гэдэг талаас нь анзаарч ажилладаг болсон.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?

Арай л өргөн хүрээнд, яагаад юуны улмаас гэж харах боломжийг нээж өгсөн гэж боддог. Хүнийг зөвхөн хүнийх нь хувьд харах боломжийг надад нээж өгсөн.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Ойрын 5-н жилд судалгааны ажилдаа төвлөрч судлаач багш болно гэж бодож байна.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Хичээлийн жил эхэлчихвэл амралтын ганц өдөртэй, амжуулах ажил ер нь их байдаг. Энэ бага хугацааг гэр бүлдээ, хүүхдэдээ хамгийн чанартай цагийг гаргахыг маш их хичээдэг. Ихэнх үед гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ. 

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Сэтгэл судлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олон улсын арга зүй, туршлагыг нутагшуулах хандлага нь нэмэгдэж байна. Ойрын жилүүдэд судалгаанд суурилсан мэдлэгийг практикт хэрэглэх, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан үйл ажиллагааг нэвтрүүлэх шаардлага улам их болно гэж харж байна. Өмнө нь илүү онолын түвшинд төвлөрдөг байсан бол одоо практик хэрэглээ, олон улсын туршлага, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан арга зүйг нэвтрүүлэхэд анхаарч эхэлсэн.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Хүмүүсийн нүдээр бол сэтгэл судлаачийн ажил “ярилцаад л байдаг” энгийн мэт харагдаж магадгүй. Энэ мэргэжил нь онол, судалгаа, ёс зүйн өндөр шаардлагыг шаардаж байдаг маш нарийн мэргэжил юм шүү. Зөвхөн мэргэжлийн хүн нь хийж гүйцэтгэх боломжтой тийм л нарийн мэргэжил.

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?

Би дунд ангид байхдаа “Freaky friday” гэдэг кинон дээрээс сэтгэл судлаач гэдэг хүнийг анх удаа харж байсан юм. Дэлгэцээр л тийм хүн байдаг юм байна, зөвлөгөө өгдөг юм байна гэсэн ойлголтыг авч, кинон дээрээс л харсан төсөөлөлтэй энэ хөтөлбөрийг сонгон орж ирж байлаа.

Тиймээс сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож байгаа хүмүүс, хүүхдүүдэд сайн, бүүр сайн судлаад, эрэл хайгуул хийгээрэй гэж дахин дахин хэлмээр байна.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Сайн чанартай унтаж амарч байгаарай, сайн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байгаарай гэж зөвлөнө. Сайн чанартай унтаад ирсэн оюутнууд хичээлдээ маш анхааралтай оролцож чаддаг, суралцах идэвх нь хүртэл өөр байдаг. Чадварлаг мэргэжилтэн болохын тулд эхлээд өөрөө эрүүл байх хэрэгтэй. Мөн би оюутнууддаа эрэл хайгуул хийж аль болох завгүй бай гэж дандаа зөвлөдөг.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Бид нар бүгдээрээ өөр өөрийн онцлогтой хүн шүү дээ. Тиймээс нэгнийгээ сонсож, ойлгож, дэмжих дадлыг маш бага багаар өдөр тутамдаа хэвшүүлье. Шууд л ингэж хэллээ гэхэд хэрэгжихэд хүндрэлтэй тиймээс л бага багаар нэгнээ сонсож, ойлгож, дэмжих дадлыг эхлүүлье.

Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Дараагийн зочноор Монгол улсын боловсролын их сургуулийн сэтгэл судлалын багш Д.Дэлгэрмаа багшийг оролцуулахыг хүсэж байна.

Учир нь оюутан залуучуудад маш хэрэгтэй, бас сонирхолтой зөвлөгөөг өгнө гэж бодож байна.

Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Ярилцсан сэтгэл судлаач: Б. Буянжаргал

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *