Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Нийслэлийн Ерөнхий Боловсролын 93 дугаар сургуулийн сэтгэл судлаач Сүхбатын Сарантуяа оролцож байна.
Боловсрол
- 1998-2002 Боловсрол дээд сургууль сэтгэл судлалын баклавр
Ажлын туршлага
- 2002-2018 онуудад Үйлдвэр Урлалын Политехник Коллеж “Харилцааны соёл” хичээлийн багш,
- 2018-2020 онуудад МУБИС-ийн СӨБС гэрээт багш,
- 2019- “Зөв эцэг эхээс зөв хүүхэд” ТББ үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач, хүүхдийн урлагийн сэтгэл засалч,
- 2021- НЕБ-ын 93 дугаар сургуулийн боловсролын сэтгэл зүйч.

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
Намайг X анги төгссөн 1998 онд Монголд 2 төрлийн мэргэжил байдаг гэсэн хэвшмэл ойлголттой, энэ жишгээр би МУИС-ийн хууль, эрх зүйн ангид конкурс өгөөд тэнцээгүй /тухайн үед манай аймагт нэг хуваарь ирсэн/ намар 8 сар гарч, үеийн найзууд эхнээсээ улсын нийслэл рүү эрдэм сурах аянд мордож, битүүхэн хичээл сургуульгүйдээ гэмшил дүүрэн тэр нэг өдөр аав маань үдийн цайны цагаараа ирээд:
Энэ хувийн сургууль гэхдээ их ирээдүйтэй ялангуяа чамайг хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах үед ид хүчээ авна, маргааш өглөө шалгалт өгөхөөр би ярьчихлаа гэв. Хот л явж байвал ямар мэргэжлээр сурах нь надад үнэхээр чухал биш учраас шууд зөвшөөрсөн. Тухай үед IQ шалгалт өгч байснаа тод санадаг. Ийнхүү 1998 оны намар нэрт сурган хүмүүжүүлэгч Доохүүгийн Ванчигсүрэн агсны үүсгэн байгуулсан “БОЛОВСРОЛ” дээд сургуулийн багш сэтгэл судлаач, оношлооч мэргэжлийн ангид элсэн орж, 2002 онд төгссөн түүхтэй. Миний аав Ч.Сүхбат 1985-1990 онд ЗХУ-д хуульч, эрх зүйч мэргэжлээр сурч байх үед ерөнхий сэтгэл судлал хичээлдээ дуртай түүний Орос багш аавыг Монголдоо очоод заавал энэ чиглэлд сураад, ажиллаарай чамд бүрэн нөөц байгааг хэлж, захидаг байсан тухай аав сүүлд надад хэлсэн. Аавынхаа итгэлийг алдалгүй өнөөг хүртэл сэтгэл судлаач гэсэн мэргэжилдээ эзэн сууж, практикт ухамсарт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрөөсөндөө үргэлж талархдаг.
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
Аав зөвлөсөн учраас аавынхаа итгэлийг даах хэрэгтэй гэсэн бодол намайг чамбай, тууштай, зорилготой сурахад нөлөөлж улмаар сургуулиа ОНЦ дүнтэй дүүргэсэн учраас Д.Ванчигсүрэн багш маань БАГШ бол гэж дэмжсэнээр, ажлын гараагаа багшаар эхлүүлсэн. Ажиллаж байх хугацаандаа надад арга зүй, зөвлөгөө заслын чиглэлд туршлага дутагдалтай байгааг анзаарсан болов ч хаана, хэрхэн аль чиглэлд яаж сурах аргаа олохгүй олон жил болсны эцэст 2020 оны /ковид19 цар тахлын үед/ өвөл 1 сард арт терапи буюу урлагийн сэтгэл засал чиглэлд цахимаар сурах боломжийг ашигласан нь өнөөг хүртэл энэ чиглэлд тууштай сурах, хөгжихөд нөлөөсөн.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?
Боловсролын харилцаанд оролцогч талууд буюу багш, ажилтан алба хаагч, сурагч тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх /сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил, оношилгоо, зөвлөгөө өгөх, засал хийх/ энэ нь маш олон ур чадваруудыг цогцоор нь шаарддаг. Жишээ нь: I ангийн сурагчтай ажиллаж, гарч ирээд шууд XII ангийн сурагчтай ажиллах нь сонирхолтой энэ хирээр тасралтгүй суралцахыг үргэлж шаарддаг онцлогтой. Өнөөдөр бяцхан шавь нар маань сэтгэл зүйчтэй цаг товлох тухай ойлголт, мэдлэг нимгэн хэдий ч тун удахгүй 10-15 жилийн дараа эцэг эх болох үедээ айдас, эргэлзээгүйгээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах чадварт сургах энэ зүгт чиглүүлж байгаа нь сургуулийн сэтгэл зүйч бидний ажлын давуу тал гэж хардаг.
Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчил, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” ЭШ-ний хуралд илтгэл хэлэлцүүлэх мөн сэтгэл засалд ашиглах / +18 насанд зориулсан/ буддын шашны 12 шүтэн барилдлага бүхий зурагтай, төсөөлөл дүр зургийн Монгол карт гаргах ажил эх бэлтгэлийн шатанд явж байгааг дуулгахад таатай байна.
Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Торт амттан төрөл бүрийн хоол хийх байсан бол сүүлийн 2 жил бүжгийн спорт, ууланд алхах, зөвхөн дотогш буюу өөр лүүгээ чимээлэх, ажиглах, волейболын техник сурах зэрэгт өөрийн үнэт цагаа зарцуулах дадалд сурч байна.
Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?
Бүжиглэх, бусдад эерэгээр нөлөөлөх, ҮГҮЙ гэж хэлж сурсан.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
Саяхан хичээлийн шинэ жил эхлээд эхний 7 хоногт: -Өө та манай Ө-гийн багш эгч байна ш дээ. /хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилладаг гэдгийг манай бяцхан 8 настан анзаартал нөлөөлж чадсан хэрэг/ би гэхдээ бас 93-т сурдаг л даа гэхийг гудамжинд таарсан сурагчаасаа сонсоод маш их урам зориг авсан.
Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Үглэх бус үлгэрлэх, миний ээж маш хичээнгүй, тууштай бүсгүй байсан гэж 4 хүүгийнхээ дурсамжид үлдэх.
Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.
Хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй сурагчтай ажиллаж байсан туршлага 0% энэ үед гэнэт л тэдэнтэй нүүр тулсан. Зарим нэг тохиолдолд миний зүрх өвддөг, ажлаасаа гарах тухай 1 бус удаа бодож байсан. Хэсэг төвлөрөөд би уншиж, судалж эхэлсэн тэдэнтэй ажиллах үндсэн суурь зарчим “ХАЙРЛАХ” болохыг хүлээн зөвшөөрсөн үеэс эхлэн миний шийдвэр гаргалтууд өөрчлөгдөж эхэлсэн. Хайрлах тусам тэдэнтэй ажиллах гарц гаргалгаа надад тодорхой болж ирсэн. Өөрөөр хэлбэл элс засал тэдний нойрны чанарт мэдэгдэхүйц нөлөөлж буйг анзаарсан. Цаашдаа зөвхөн миний өрөөнд, зөвхөн намайг байхад бус олон нийтийн талбайд, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилго, мөрөөдөл дүүрэн энэ жилийн ажилдаа төлөвлөн тусгасан.
Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?
Амьдрал ямар олон өнгө, хэлбэр, дүрс, үнэр, амттай болохыг би үргэлж мэдэрдэг. Саяхан миний төрсөн эгч манай нөхөрт: -Сараа үнэхээр ааштай, ширүүн, эрх дураараа өссөн, том болоод яана гэж их санаа зовдог байсан гэхдээ тэр ээж болоод, мэргэжил нь нөлөөлөөд үнэхээр өөрчлөгдсөн тухай ярьсныг сонсоод миний мэргэжил миний амьдралыг харах өнцгийг 1000% өөрчилсөн, өөрчилдөг болохыг хүлээн зөвшөөрсөн.
Ойрын 5 жилийн зорилго юу вэ?
“Сэтгэл зүйн алба”-тай сургуульд багаар хамтран ажиллах, зөвлөгөө заслын чиглэлд шамдан суралцах, хувь хүнийхээ хувьд эрүүл биетэй, амар амгалан сэтгэл зүйтэй байхыг өөртөө хүлээн зөвшөөрөх түүнчлэн сэтгэл зүйчдийн ментор болох.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Аль болох гар утас дэлгэцээс хол унтах, шөлтэй устай хоол идэх, гэр бүлийн бүх хүнд таалагдахуйц кино сонгоод хамт үзэх, гэртээ их цэвэрлэгээ хийх, гоё үнэртэй орчин бүрдүүлэх зэрэгт ач холбогдол өгдөг.
Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Миний бакалаврын ажил бичиж, хамгаалсан тэртээ 2002 он буюу 23 жилийн өмнө энэ салбар ЭРЧИМТЭЙ ХӨГЖИХ замд гарсан гэж зоригтой бичиж байсан өгүүлбэр санаа биеллээ олж, нийгэмд маш чухал салбар болсныг бид бүхий л түвшинд хүлээн зөвшөөрч байна. Тиймээс мэргэжлийн, мэргэжсэн мэргэжилтнүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг бодлогын түвшинд хамгаалах замаар дараагийн шинэ шатанд гарна гэсэн итгэл дүүрэн байдаг.
Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
“ЧИ ӨӨРӨӨ СЭТГЭЛ ЗҮЙЧ БАЙЖ” энэ нь чи эмч байж 32 цагаан шүдтэйгээ байдаггүй хэрэг үү? гэсэнтэй агаар нэг сонсогдож, мэдрэгддэг. Яагаад би, яагаад миний хүүхэд сэтгэл зүйч ээжтэй, миний хань сэтгэл зүйч эхнэртэй байснаараа ялгамжтай харилцаа мэдэрч, яагаад сэтгэл хөдлөлөө үргэлж хянах ёстой вэ? бодлогын хариуг олохыг хүсдэг.

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?
Сонирхон сураарай, судлаарай чадвал бусдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлээрэй! чадахгүй бол ӨӨРТӨӨ дэмжлэг үзүүлэх, туслах бүрэн боломж энэ салбарт байдаг, боломжийг ашиглах эс ашиглах нь чиний, таны, миний шийдвэр гаргалтаас хамаарна
Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Практикт ажиллаж үзээгүй, ганц алхам хийгээгүй үедээ болих шантрах ХЭЦҮҮ ГЭСЭН хоёр үгэнд итгэл алдалгүй алхам хийгээд, замд гараарай. Бусдад туслах, бусдаас урам зориг авах, бусдад эергээр нөлөөлж буйгаа мэдрэх үнэхээр юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй зүйл.
Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Амьдрал бидний төсөөлснөөс 100 магадгүй 1000 дахин олон ӨНГӨТЭЙ тиймээс өөрийн харсан ганц өнгөө бусадтай бүү харьцуулаарай! Миний, чиний, таны, бид бүгдийн харсан өнгө хоорондоо холилдоод, НАМАР шиг өнгө сэтгэлд гэгээ татуулна, татуулдаг гэдэгт итгээрэй. Мөн бусдад гаргадаг сэтгэл, бусдад гаргадаг цаг хугацаа, бусдад зарцуулдаг мөнгөнөөсөө ӨӨРТӨӨ тусгайлан зарцуулаарай. ӨӨРТӨӨ өгсөн бүхэндээ бүү харамсаарай.

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
“Бүтээлч тархи” сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйч Г.Баярмаа
Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ярилцсан сэтгэл судлаач Б. Буянжаргал