Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Онцгой Байдлын Ерөнхий Газрын сэтгэл зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, сэтгэл судлаач Болор-Эрдэнийн Солонго соролцож байна.
Боловсрол
- 2012–2014 он ҮБХИС, Төрийн захиргаа, эрх зүйч бакалавр,
- 2014–2019 он БНСУ-ын Үндэсний Цэргийн Их Сургууль, Цэргийн сэтгэл судлал, эрүүл мэндийн бакалавр,
- 2022–2024 он БНСУ-ын Мёнжи Их Сургууль, Боловсрол ба сэтгэл зүйн зөвлөгөөний магистр.
Ажлын туршлага
- 2019 оноос Онцгой Байдлын Ерөнхий Газрын сэтгэл зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
Би цэргийн алба хаагчдад гүн хүндэтгэлтэй ханддаг. Эх орноо хамгаалж буй энгийн бор залуусын эр зориг, чин хүсэл сэтгэлийг минь хөдөлгөдөг. Тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал тавьж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь эх орныхоо аюулгүй байдалд бодит хувь нэмэр оруулах үнэтэй ажил гэж итгэсний үндсэн дээр энэ мэргэжлийг сонгосон.
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
Анх цэргийн алба хаагчдад туслах хүсэлтэйгээр сэтгэл судлалд хөл тавьсан. Харин ажиллах явцдаа сэтгэл зүйн дэмжлэг гэдэг нь зөвлөгөө өгөхөөс илүү өргөн хүрээтэй эмчилгээ, дэмжлэг, урьдчилан сэргийлэлт бүхий цогц систем гэдгийг ойлгосон. Аврагчид, гал сөнөөгч нартай өдөр бүр ажиллахдаа хүний сэтгэл зүйн тэсвэр, айдас, гэмтэлтэй нүүр тулдаг. Хүн хүчтэй харагдавч дотроо дарамт, түгшүүр, өөрийгөө буруутгах мэдрэмжтэй байдаг. Тийм үед сэтгэл зүйчийн үг, хандлага, анхаарал ямар их нөлөө үзүүлдгийг би олон удаа харсан нь энэ чиглэлд илүү гүнзгий суралцах урам өгсөн.
Таны ажлын онцлог юу вэ?
Миний ажил ил тод биш ч итгэлийг дааж явах өндөр хариуцлага шаарддаг. Хүн бүр амьдралдаа хүнд мөчтэй тулгардаг. Тэр үед хажууд нь сэтгэл зүйч байна гэдэг “ганцаараа биш” гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Энэ бол миний ажлын хамгийн үнэ цэнтэй хэсэг. Мөн Онцгой байдлын байгууллагад анхны сэтгэл зүйчдийн нэгээр ажиллаж буйдаа, байгууллагын сэтгэл зүйн системийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа бахархдаг.
Яг одоо төвлөрөн хийж буй судалгаа, бүтээлийнхээ талаар ярьж өгнө үү?
“Гамшгийн үеийн сэтгэл зүй, аврагчдын сэтгэлзүйн бэлтгэл, сэргэлтийн чадамж” сэдвээр судалгаа хийж байна. Энэ нь манай байгууллагын хувьд шинэ боловч чухал чиглэл. Мөн “Гамшгийн үеийн сэтгэл зүй” нэртэй гарын авлага, “Сэтгэлзүйн бэлтгэлийн гарын авлага”-ыг боловсруулж байгаа. Эдгээр бүтээл нь аврагчид, гал сөнөөгчид, удирдах бүрэлдэхүүнд зориулсан, сэтгэлзүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Таны хобби сонирхол юу вэ?
Ажлын ачаалал өндөр тул сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалахад анхаардаг. Унших, усанд сэлэх, ганцаараа байж эргэцүүлэх нь миний хувьд хамгийн сайн амралт. Сүүлийн жилүүдэд гэр бүлтэй болсон тул амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэхийг илүүд үздэг.
Сүүлийн үед сурсан чухал чадварууд?
Сонсох чадвар. Заримдаа хүнд зөвлөгөө бус, анхааралтай сонсох л хамгийн том тус байдаг.
Өөрийгөө хамгаалах чадвар. Сэтгэл зүйч бусдын ачааг үүрдэг тул өөрийн сэтгэлзүйн дархлаагаа хамгаалах дадал чухал.
Сайн үйл хийх ухаан. Том зүйл хийх албагүй, зүгээр л инээмсэглэл, сайхан үг нь хүнийг эдгээдэг.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан мөчөө хуваалцана уу?
Тийм мэдрэмжийг бараг өдөр болгон авдаг. Яагаад гэхээр манай Онцгой Байдлын албанд сэтгэл зүйчийн хэрэгцээ хамгийн их байдаг.
Нэгдүгээр, “Аврагчийн сэтгэл зүй” гэдэг сургалт орох үеэр тухайн аврагч нар над руу хараад нүдэнд нь оч гэрэлтээд “Яг миний сэтгэл зүйг уншиж байгаа юм шиг хэлж байна шүү дээ” гэж хэлдэг.
Хоёрдугаарт, Намайг зориод сэтгэл зүйн зөвлөгөө өгсөнд, сургалт орсонд маш их баярлалаа гээд холын сумуудаар ч юм уу, алслагдсан дүүргүүдээр явахаар аврагч нар маш их баярладаг. Үнэхээр надад хэрэгцээтэй зүйл байсан гэдэг.
Гуравдугаарт, Ажлаас гарах хүсэлтэй байгаа алба хаагч нартай бид нар уулздаг. Тэр алба хаагч нартай уулзаад ярилцсаны дараа тухайн хүн ажлаасаа гарахгүй, ажил амьдрал нь сайн явж байгаа, цол ахиж байгааг харах хамгийн гоё. Зөвлөгөө өгсөн алба хаагч нар маань буцаад албандаа хайртай, үр бүтээлтэй, ажил амьдрал нь дээшээ, цол ахиад баяр баясгалантай явахыг харах л хамгийн аз жаргалтай мөч.
Ажлын явцад тулгарсан бэрхшээл ба даван туулсан туршлагаас хуваалцаач
Анхны сорилт бол байгууллагад “сэтгэл зүй” гэх ойлголтын үнэ цэнийг ойлгуулах байсан. Цэргийн байгууллага дүрэм, сахилга дээр суурилдаг тул сэтгэл хөдлөлийг сул тал гэж үздэг байлаа. Би энэ ойлголтыг өөрчилж, сэтгэл зүйн дэмжлэг бол хамгаалалтын хамгийн хүчтэй хэрэгсэл гэдгийг нотолж чадсан. “Хатуу дүрмийн дунд зөөлөн сэтгэл хэрэгтэй” гэдгийг тэндээс л ойлгосон.

Таны ирээдүйн зорилго юу вэ?
1. Онцгой байдлын байгууллагад сэтгэл зүйчийн орон тоог нэмэгдүүлэх,
2. Алба хаагчид болон иргэдэд зориулсан сэтгэлзүйн төв байгуулах,
3. Гамшиг судлал, сэтгэл судлалыг холбосон судалгаагаар докторын зэрэг хамгаалах.
Салбарынхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Монголд сэтгэл зүйн салбар хурдацтай хөгжиж, хүмүүсийн хандлага илүү нээлттэй болж байна. Ирээдүйд сэтгэл зүйн үйлчилгээ нь зөвхөн тусламж бус, хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг болно гэж харж байна. Технологид суурилсан онлайн зөвлөгөө, сургалт, аппликейшн зэрэг хэлбэрүүдийг илүү өргөн нэвтрүүлэх шаардлагатай.
Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх хэвшмэл ойлголтыг юу гэж үздэг вэ?
Сэтгэл судлаач бол зөвлөгч төдий хүн биш, шинжлэх ухаанд суурилсан мэргэжилтэн. Тэд хүнийг сул дорой бус, харин дотоод хүчээ олоход нь чиглүүлдэг.

Онцгой байдлын сэтгэл судлалд сонирхолтой оюутнуудад юу зөвлөх вэ?
Хэрвээ та цэргийн алба хаагчдыг хайрладаг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй бол энэ салбар таныг хүлээж байна. Мэргэжлээс гадна гадаад хэлний мэдлэг маш чухал, олон улсын мэдээлэл, судалгаанд хүрэх өргөн боломжийг нээдэг, гадаад хэлтэй байх нь чухал. Яагаад вэ гэхээр гадаад хэлгүй бол бид нар мэдээллийг зөвхөн Монголын 3 сая хүн дотроо л авах боломжтой. Магадгүй Солонгос хэлтэй болчихвол 50 сая хүн дотор, дахиад Англи хэлтэй болчихвол тэрбум хүн дотроо мэдлэг мэдээлэл олж авах боломжтой болно. Тэвчээр, зориг, хайр гурав энэ замын хамгийн гол хүч юм.
Таны амьдралын зарчим, уриа үг?
“Өөрийгөө хайрла, айдсаа ойлго, тусламж ав, өдрөөс өдөрт сэргэ, амьдралыг сонго.”

Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Онцгой байдлын албанд цагийн хуваарь хатуу байдаг ч би гэр бүлдээ чанартай цаг гаргахыг хичээдэг. Гэр бүл бол хамгийн том эрч хүчний эх булаг.
Ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
ДХИС-ийн сэтгэл зүйч Номин-Эрдэнийг уримаар байна.
