Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Аутизм Монгол Анд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Баяржаргалын Мөнх-Оргил оролцож байна.
Боловсрол
- 2014 онд Монгол Улсын Их Сургууль, сэтгэл судлалын баклавар
- 2024 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургууль, сэтгэл судлалын магистрант
Ажлын туршлага
- 2014 оноос Аутизм Монгол Анд ТББ-ын сэтгэл зүйч, гүйцэтгэх захирал

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
Би их сонин хувь тавилангаар энэхүү нэр хүндтэй, хэцүү мэргэжлийг сонгосон байдаг юм. Анхандаа хуулийн ангид орох зорилгоор англи хэл нийгмийн ухааны хичээлүүдээр бэлдээд ЭЕШ өгсөн боловч яг хуулийн мэргэжлээр элсүүлэх хичээлүүд математик болон англи хэл нийгмийн ухаан байсныг мэдээгүй хэрэг. Тэгээд МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны сургуульд тэнцээд, анги сонгох болоход яагаад ч юм сэтгэл судлал сонирхолтой санагдаад орсон. Манай 10 жилийн монгол хэлний багш 9 дүгээр ангид байхад ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? Гэж асуухад би сэтгэл судлаач гэж хэлж байсан гэж сүүлд надад дурсаж байсан. Магадгүй хувь тавилан байсан байх.
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
2014 онд төгсөхөд манай мэргэжил одоог бодвол танигдаагүй мэргэжил байсан ажлын байр ч ховор байлаа. Миний их сургуулийн ангийн найз дөнгөж байгуулагдсан ТББ байна тэр дундаа аутизмын хүрээний эмгэгийн чиглэлээр ажилдаг юм гэж танилцуулж байсан. Тэгээд л Монголд шинээр хөгжиж буй энэ салбарт орсон доо.
Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?
Миний ажлын онцлог бол өдөр бүр шинэ зүйлийг сурч мэдэх боломжийг гаргаж өгдөг болов уу? гэж боддог. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бүр өөр өөр байдаг учраас өдөр бүр өөр арга барил ашиглах шаардлага тулгарч, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхөд хувийн мэдрэмж маш сайн хөгждөг юм шиг санагддаг.
Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?
Одоогоор Аутизмтай хүүхдийн шинж тэмдгийг илрүүлдэг оношилгооны аргыг Монгол хэлнээ орчуулж сэтгэц, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг хэмжих ажил хийж байгаа ерөнхийдөө дуусах шатандаа орж байгаа. Энэ маань миний мастерын ажил юм. Мөн манайхаас гаргасан 2-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хүүхэдтэйгээ ажиллах зөвлөгөөний гарын авлагаа дэлгэрүүлэн өргөжүүлж ном болгон гаргахаар ажиллаж байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Цэцэг арчлах, Мөнхрөө гэх цэцгийн нэг төрлийг сонирхон цуглуулж арчлан ургуулдаг хоббитой болоод байгаа.
Esport-д сонирхолтой, тоглох ч дуртай. Esport-д сэтгэл зүй, сэтгэл зүйч маш чухал, тэмцээний үе тамирчдын сэтгэл хөдлөл, өндөр, стрессийг зохицуулах, даван туулах байдал нь тоглолтын үр дүн хэрхэн нөлөөлж буй нь сонирхолтой санагддаг болсон. Одоогоор сонирхон судалж байгаа. Магадгүй esport-ын сэтгэл зүйч болж магадгүй. хэхэ
Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?
Цэцэг арчлах
Зураг авах сонирхогчийн түвшинд
Ном бичих гэж оролдож байгаа.
Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
Манай цэцэрлэгт сургалтад хамрагдаж байсан ихэр хүүхдүүд байдаг юм одоо бага сургуулийн сурагчид, өнгөрсөн хавар тэр 2 маань сургуульдаа өөрсдөө явж байхыг хараад маш их бахархаж байсан. Бидний ажлын гол зорилго бол хүүхэд бие даан бусдын тусламжгүй амьдрах явдал юм.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Сүүлийн үед юу тарина түүнийгээ хураана гэсэн үг маш их бодогддог болсон. Магадгүй энэ миний зарчим болж байгаа байх.
Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.
Сэтгэл зүйчээр ажиллахад маш их мэдэхгүй чадахгүй зүйлүүд байнга тулгардаг. Анх ажил хайж байх үед бүхнийг чадах юм шиг сэтгэгдэл төрдөг байсан. Харин ажилд ороод мэдлэгээ амьдралд буулгах маш хэцүү юм байна гэдгийг мэдэрсэн. Аутизмын талаар уншаад мэддэг болох амархан гэтэл ажиллах үед бүх хүүхэд өөр өөр байгаа нь хамгийн эхний том бэрхшээл байсан. Эхлээд бүх аутизмтай хүүхэдтэй нэг байдлаар ажиллах гэж хэсэг оролдсон. Яваандаа АХЭ-тэй хүүхэдтэй ажиллах суурь зарчим нь нэг юм байна, харин арга барилаа хүүхдэдээ тохируулах юм байна гэдгийг ойлгосон. Үүнд ажиллаж буй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай ярилцаж, мэдээлэл цуглуулж, асуудлыг таних нь маш чухал гэдгийг мэдэж авсан. Хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйчид эцэг эхээс мэдээлэл авч, эцэг эхчүүдтэй тулж ажиллах нь хамгийн том хэсэг байдаг шүү гэж хэлмээр байна.
Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?
Аль болох бусдын өнцгөөс харах гэж, ямар мэдрэмж төрж байгаа бол гэдэг бодол байнга төрдөг болсон. Сурагч байхдаа би тийм ч сайхан ааштай байгаагүй ээ юм л бол уурлачихдаг хүүхэд байсан хэхэ. Их сургуулиасаа олж авсан хамгийн том мэдлэг маань хүнтэй хүндлэлтэй байхыг сурсан юм байна гэж боддог.
Ойрын 5 жилийн зорилго юу вэ?
АХЭ-ыг эрт илрүүлэх эмч, цэцэрлэгийн багш, сэтгэл зүйч гээд хүүхэдтэй ойр ажилдаг хүмүүс ашиглаж болох анхан шатны илрүүлэг хийдэг Монгол тест, асуулга зохиох хувийн зорилго тавьсан байгаа.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Амралтын өдрөөр аль болох гэртээ байхыг хичээдэг. Гэхдээ ихэнх хагас сайн өдөр АХЭ-тэй хүүхдэд үнэлгээ хийх ажил байдаг болохоор бүтэн сайн өдөр гэрийн ажил болон эхнэр хүү 2 тоо цагаа зарцуулахыг хичээдэг. Гэртээ байхдаа гэр цэвэрлэж хувцас угаах, хүүгийн гэрийн даалгавар гэх мэтээр жаахан завгүй өнгөрдөг.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Нийгэм олон нийт манай мэргэжлийн талаарх ойлголт мэдлэг сайжирсан байгаа нь манай салбарын эрэлтийг өсгөж байгаа. Тиймдээ ч зах зээлийн жамаараа гэдэг шиг маш хурдан хөгжиж өндөр түвшинд хүрнэ гэж бодож байна.
Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
Ажлын бус харилцаанд сэтгэл зүйч ч бас бусдын адил хүн, сэтгэл хөдлөлтэй гэдгийг заримдаа хүмүүс мартаад байдаг шиг санагддаг. Сэтгэл зүйч байж иймхэн юманд цочирдоод байгаа юм уу, уурлаад байгаа юм уу, намайг ойлгооч гэх мэт хандлагууд гараад байдаг. Үүнийг л өөрчилмөөр байдаг.
Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?
Сэтгэл судлаач болохоор төлөвлөж байгаа бол математик, логик чадварууд нь нийгмийн ухааны мэдлэг, харилцааны чадвартай яг адил чухал байдаг шүү гэж хэлмээр байна.
Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Оюутан байхад бүх хичээлүүд сонирхолтой бүх онолууд гайхамшигтай санагддаг. Гэхдээ практикт дадлага хийх, дадлага туршлага чадах чинээгээрээ хуримтлуулаарай хэж захиж хэлмээр байна. Сэтгэл судлалын энэ олон салбар чиглэлээс өөрийн сонирхол, бие физиологийн онцлогт тохирсон салбарыг сонгон авч оюутан цагаасаа нарийсган судлаарай.
Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Сэтгэл зүйч, тэр дундаа хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажилладаг хүний хувьд манай АХЭ-тэй хүүхдүүд, хүмүүст өөрсдийн онцлог нь бэрхшээл биш харин та бүгдийн сөрөг хандлага л том бэрхшээл болдог, хандлагаа эерэг байлгая гэж уриалмаар байна. Хүн ихэвчлэн мэдэхгүй байгаа зүйлээсээ л айдаг.
Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Л. Төрбурам багшийг урьж оролцуулмаар байна. Баярлалаа.
Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ярилцсан сэтгэл судлаач Б. Буянжаргал
